Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын баялгийн сангийн тухай хуулийг боловсруулах үүргийг УИХ-аас гаргасны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажилласан.
Мөн улс төрийн намууд хоорондоо баялгийн сангийн талаар нэгдсэн ойлголтод хүрч энэ хаврын чуулганаар батлуулахаар болсон билээ.
Улс төрийн намуудын болон ажлын хэсгийн багийн хамтарсан хурлаар гарсан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
Ингээд баялгийн сан нь дотроо гурван сан болж хуваагдахаар зохицуулагдана. Эхнийх нь “Ирээдүйн сан” буюу ашигт малтмалын нөөц ашигласны орлогын 65 хувиар санхүүжиж хуримтлал үүсгэдэг. Энэ санд 2030 он хүртэл нөөц бүрдүүлээд үүнээс хойш ирээдүйд ашиглах томоохон төсөлд хөрөнгө оруулах зорилготой юм.
Хоёрдугаарт “Хуримтлалын сан” байгуулна. Энэ санд иргэн бүр өөрийн нэрийн данстай байх зарчмаар явна. Энэ санд төвлөрсөн хөрөнгийг иргэнд бэлэн бусаар олгох нөхцөлийг хангаж ажиллана. Уг сангийн гол зорилго нь орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд иргэн өөрөө зарцуулах боломжтой, хязгаарлагдмал сан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Одоогоор орон нутгийн хөгжлийн сан хэлбэрээр хэрэгжиж байгаа хөтөлбөрийг “Хөгжлийн сан” болгож бүтцийг нь илүү хүртээмжтэй болгохоор төлөвлөсөн. Ганц нэг аймаг, сумын хөгжлийг ярихаас илүүтэйгээр бүс нутгийн хөгжлийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулсан хэлбэрээр цаашид явна.
Өнөөдрийн танилцуулга дээр бид энэ сангуудын орлогын эх үүсвэрийн талаар тайлбарлахдаа Төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн 34 хувийг “Хуримтлалын нэгдсэн санд” төвлөрүүлнэ.
2023 оны татварын дүнгээр жишээ болгож үзэхэд энэ жилийн байдлаар 1.1 их наяд төгрөг хуримтлалын санд төвлөрөх боломжтой гэсэн тооцоо бий.
Түүнчлэн Нэгдсэн төсвийн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд тухайн жилийн орлогын 50 хувийг нь “Хөгжлийн сан”-д хуваарилна. Энэ жилээр жишээлбэл 326.7 тэрбум төгрөгийг энэ санд байршуулна гэсэн үг.
Цагаан сарын баярын өмнөхөн Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан Нам (АН), ХҮН намын удирдлагууд буюу парламентад суудалтай намууд баялгийн сангийн талаар санамж бичиг байгуулсан. Үүний дараа тус намуудын зүгээс ажлын хэсэг байгуулж санал бодлоо солилцсон.
ХҮН намын хувьд “Ирээдүйн сан” дээр Засгийн газартай санал нэгдсэн бол “Хуримтлалын сан” дээр “Тэтгэврийн сан” нэмэхээр санал оруулж ирсэн. Түүнчлэн “Хөгжлийн сан”-гийн төсөл, хөтөлбөрийг нээлттэй болгож бүтнээр нь болон хэсэгчлэн санхүүжүүлэхэд зарцуулах саналтай байгаа. Харин АН-ын хувьд Тусгаар тогтнол, үндэсний баялгийн тухай хуулийн төсөл өргөн барьсан тул УИХ-аар Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцүүлгийн дараа саналаа нэгтгэхээр төлөвлөж байна” гэж ярилаа.
0 cэтгэгдэлтэй