Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг өнөөдөр ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа.
Монгол Улс 2024 оны эхний гурван сард нийт 128 улстай гадаад худалдаа хийж, нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 367.2 сая ам.доллароор буюу 6.4 хувь өссөн байна.
2024 оны эхний гурван сард нийт 2.4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон. 3.7 ам.долларын экспорт хийж гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 582.2 сая ам.доллароор буюу 31.9 хувиар буурсан үзүүлэлт аж.
Экспорт энэ оны эхний гурван сард 3.7 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 107.5 сая ам.доллароор буюу 2.9 хувиар буурсан байна.
Уг бууралтад:
- цайрын хүдрийн баяжмалын экспорт 75.8 хувиар
- нүүрсний экспорт 1.7 хувиар
- адууны махны экспорт 78 хувиар
- лаазалсан махан бүтээгдэхүүний экспорт 61.4 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Импорт энэ оны эхний гурван сард 2.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 474.7 сая ам.доллароор буюу 24.5 хувиар өссөн байна.
Уг өсөлтөд:
- Суудлын автомашины импорт 88.4 хувиар
- Дизелийн түлшний импорт 29.2 хувиар
- Автобензины импорт 45.3 хувиар
- Хүнд машин тоног төхөөрөмжийн импорт 68 хувиар
- Нийтийн тээврийн хэрэгсэл 2.1 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
0 cэтгэгдэлтэй