Дөрөвдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин амь үрэгдсэн юм. Энэ талаар тухайн дүүргийн оршин суугчид болон талийгаач охины сургууль дээрээс сурвалжиллаа.
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч “Хайлаастын энэ зам чиний харж байгаачлан хоёрхон эгнээтэй зам. Өвлийн улиралд ч осол аваар гарах нь бага. Саяхан орсон борооноор зам нь бага зэрэг эвдэрснээс бусдаар дажгүй. Осол гарсан уулзвар дээр өмнө нь осол гарч байхыг би лав үзээгүй.
Пунцогцогчинлин хийдийн урд талын уулзвар дээр жолооч нар нэгэндээ хүлээцтэй хандчих л хэрэгтэй байгаа юм. Туслах зам талаас нь гэр хороолол, сургуулийн зам төв замтайгаа нийлдэг.
Жолооч Пунцогцогчинлин хийдийн урд өөр машинтай шүргэлцээд сандарсандаа эсрэг урсгалынхаа явган хүний замаар явсаар байгаад айлын хашаа очиж мөргөсөн байгаа юм. Осол гарах үед би яг нүдээр хараагүй ч ослын дараа очиж харсан. Хэрвээ тэр жолооч уруудаж явсан бол эсрэг урсгалынхаа явган хүнийг зам дээгүүр дайрч гарах боломжгүй мөртлөө айлын хашаа, хүнтэй юутай нь мөргөсөн байсан” гэв.
Сурвалжилга бэлтгэж явах үеэрээ бидэнтэй таарсан тус хорооны оршин суугч бүрээс тус ослыг харсан эсэх талаар асууж, тодруулж байлаа. Тэр олон хүмүүс дундаас ослын газраас холгүй таарсан нэгэн иргэн “Юугаа шиншилж яваа хулгайч вэ, чамд ямар хамаатай юм” хэмээн уурласан юм. Гэвч тэрбээр амь үрэгдсэн охины хамаатан байж таарав.
Амь үрэгдсэн 16 настай охины хамаатны ах “Осол гарсан тухай урьд шөнө олж мэдээгүй. Өглөө унтаж байсан чинь дүү маань гэрт орж ирсэн. Тэрбээр охин маань өнгөрчихлөө гэдгээс өөр юу ч хэлээгүй. Би юу болсныг тухайн үед огт ойлгоогүй. Охины аав, ээж 50 гарсан настай хүмүүс. Охин хөдөлгөөн багатай, дээрээ ах, эгчтэй айлын бага хүүхэд” гэв.
Ингээд осол болсон газрын байршлыг зааж өгсөн юм. Ослын газарт ирэх үед өдрийн 12:00 цаг болж байв. Блокоор ханаа өрсөн, баганыг нь тоосгоор өнгөлсөн хашаа байлаа. Хашааны төмөр хаалга цөмөрч зүүн урд хэсэг бүхэлдээ нурж унажээ. Ослын газар хүүхдийн улаан малгай, цус болсон ганц нэг чулуу үлдсэн байлаа.
59 дүгээр сургуулийн дөрвөн хөвгүүнээс тухайн ослын тухай мэдэж байгаа эсэхийг асуухад зургадугаар ангийн хөрслөг бор хүү ослыг нүдээр харсан гэв.59 дүгээр сургуулийн зургаадугаар ангийн хүү “Энэ айлын хашаа өчигдрийн (уржигдар) ослоор ингээд нурсан. Хичээл маань 16:40 минутад тарсан. Гадаа дулаахан болчихсон болохоор шууд гэртээ харилгүй жаахан гадаа тоглох гээд үлдсэн. Сургуулийн ойролцоо тоглож байсан чинь тэнд осол гарчихсан байна гээд гэнэт найзууд маань хэлсэн.
Тэнд очих үед нэг машин хашаа руу мөргөөд орчихсон байсан. Олон хүүхдүүд газарт блок, тоосгон дунд хэвтчихсэн, нэг гараа хугалсан хүүхэд гараа барьчихсан явган хүний зам дээр сууж байсан. Бас нэг охин огт хөдлөхгүй хэвтэж байсан” гэв.
Осол болох үед автомашин айлын хашаа руу мөргөж орсон бөгөөд тус хашааны оршин суугчтай ярилцлаа.
– Та осол гарах үед гэртээ байсан уу?
– Хайлаастын зам манай гэрийн цонхоор харагддаг болохоор ихэвчлэн түгжрээтэй байдгийг нь хэлье. Осол гарах үед би гэртээ унтаж байлаа. Тэгээд ямар нэг чанга чимээнээр сэрсэн. Гэрээсээ гарах үед байшингийн урд хүүхдийн гутал хэвтэж байсан. Осол болох үед талийгаач охины гутал шидэгдээд ороод ирсэн байх.
Манай хашааны буланд байдаг хогийн поошиг, нойлын хажууд хүүхдүүд тоосго, блоконд дарагдчихсан хэвтэж байсан. Ихэнх нь ухаангүй. Нэг насанд хүрсэн хүн ухаантай байсан ч тэрээр тоосго, блоконд дарагдсанаасаа болж хөдөлж ч чадахгүй. Хашааны төмөр хаалгыг цөмлөөд хүүхдийн хөл гараад ирчихсэн. Тэгээд л бушуухан тэр хүүхдүүдийн дээрх тоосго, блокыг зайлуулж эхэлсэн.
– Цагдаа, эмнэлгийн байгууллага хэр хурдан ирсэн бэ?
– Миний бодлоор удаан хугацааны дараа ирсэн. Яг минут зааж хэлж чадахгүй. Би тэр амь үрэгдсэн охины хүзүүн дээр хуруугаа тавьж зүрхний цохилтыг нь мэдэрсэн. Тэр үед багахан, удаанаар ч гэсэн судас нь цохилж байсан.
Төд удалгүй түргэн тусламж ирсэн. Тэд охиныг амьсгал хураачихсан байна гэж хэлсэн. Тэгээд л би шоконд орсон доо. Үнэхээр аймшигтай, түрүүхэн намайг хуруугаа хүргэх үед амьд байсан охин ингээд амьсгал хураачихсан байна гэхээр үнэхээр цочирдом байсан. Түргэн тусламж ирэхээс өмнө талийгаач охин амьсгал хураагаагүй байсан.
– Түүний дараа юу болсон бэ?
– Тэгээд хамгийн хачирхалтай нь кинон дээр хүмүүсийг цахилгаанаар цохиулаад амь оруулах гэж оролддог шүү дээ. Ерөөсөө тэгээгүй, бас цагаан даавуу, эсвэл ямар нэгэн юмаар амьсгал хураасан охины нүүрийг бүтээхгүй байгаа нь үнэхээр эвгүй байсан. Ослын газрыг кино үзэж байгаа мэт хүмүүс тойроод зогсчихсон.
– Хашаагаа өөрсдөө засах гэж байна уу?
– Тэдгээр хүмүүс эрүүл, аюулгүй байвал манай хашаа бол яах вэ дээ. Хашаагаа өөрсдөө засах, яах эсэх нь тодорхойгүй байна. Жолооч дараа холбогдоно гэсэн. Манай хашаа замынхаа зүүн талд байрлалтай. Хашааны хажуу дахь зам дээшээ өгсөх урсгалтай. Яаж эсрэг урсгалаас ирж мөргөдөг байна аа хэмээн халаглав.
Амь үрэгдсэн охин 59 дүгээр сургуулийн сурагч байсан аж. Тухайн сургууль урд болон баруун талдаа орох, гарах хоёр хаалгатай. Сургуулийн урд талын замын гарц дээр хоёр хурд сааруулагч, замын тэмдэг, тэмдэглэгээ зэргийг хангалттай байрлуулсан. Сургуулийн хашааны гаднах шон дээр дөрвөн зүгт харах дөрвөн ширхэг камер ч суурилуулжээ.
Охины сургууль дээр очих үед хоёр жижүүр багш үүдэнд нь сууж байлаа. Захирал, сургалтын менежертэй уулзах гэж яваагаа хэлэхэд “Одоо хуралтай байгаа, уулзуулах боломжгүй” гэв. Хэсэг хугацааны дараа өөр жижүүр багшид сургуулийн захирал, сургалтын менежертэй уулзах хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Гэмтлийн эмнэлэг явсан” гэх хоёр өөр хариулт өгч байв.
Осол болсон өдөр хуваарийн дагуу хичээл 18:45 минутад тарсан. Осолд өртсөн хүүхдүүд сургуулиас урагш байрлах Пунцогцогчинлин хийдийн уулзвараар аюулгүй зам гарч, явган хүний зам дээр алхаж байжээ. Тэр үед Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг иргэнийг мөргөсөн байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогчид блокон хашаатай хавсарч мөргүүлсэн. Өчигдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт нэг том хүн, хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд хүүхдийн мэс заслын тасагт, нэг хүүхэд толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Тус осолтой холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХ–ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг өчигдөр мэдэгдэл хийлээ.
– Хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас хажуугийн явган хүний замаар явж байсан нэг иргэн, 4-14 насны хүүхдүүд гэмтэж 16 настай нэг хүүхэд амиа алдсан.
ЦЕГ-аас уг ослын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах үйл ажиллагааг шуурхай үргэлжлүүлэн ажиллаж байна.Хоёр жолооч хоёул согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хааз, тоормос андуурч гишгэсэн эсэхийг мөрдөн шалгах явцад тодруулна. Гэхдээ тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй, эмэгтэй байх энд хамаагүй. Тэдгээр автомашинууд ЧД-ийн Хайлааст орчимд хойноосоо урагш уруудах чиглэлд явж байсан.
Хурд хэтрүүлсэн эсэх, хэний буруу вэ гэдгийг тодруулахаар ажиллаж байна. 2024 оны 3 дугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн байна. Жолоочийн хариуцлагагүй байдал хамгийн их нөлөөлдөг. Анхаарал болгоомжтой, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүйгээс осол их гарч байна хэмээв.
0 cэтгэгдэлтэй