Нийтийн эзэмшлийн газрыг илүү хашаалсан, явган зам, авто зам эвдэлсэн зэрэг зөрчлийг арилгав

timelive.mn 2024-04-22

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг ажиллаж байна.

Энэ хүрээнд хотын стандарт мөрдүүлэх ажлын хүрээнд барилга, дэд бүтэц, барилгын гадна орчны аюулгүй байдлын чиглэлээр хээрийн судалгаа хийжээ.

Судалгаагаар барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал хангуулаагүй, барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй, эрх бүхий байгууллагаас олгодог баримт бичгийн зөрчилтэй, нийтийн эзэмшлийн газарт илүү хашаалсан, явган зам, авто зам эвдэлсэн зэрэг зөрчил илэрсэн байна.

Тухайлбал

  • Сүхбаатар дүүрэг есдүгээр хороо, иргэн Д.Пүрэвдоржийн зургаан давхар орон сууцны барилгын түр хашааны стандарт шаардлага хангахгүй, барилгын орчны аюулгүй байдал алдагдсан зөрчлийг арилгажээ.
  • Чингэлтэй дүүргийн эмнэлгийн барилгын гадна хашаа стандартын шаардлага хангаагүй, явган замгүй, нийтийн эзэмшлийн газарт хамгаалалтын тор тавьсан зөрчлийг арилгав.
  • Сүхбаатар дүүрэг зургаадугаар хороо, “Таван булаг Хөгжил Констракшн” ХХК барилгын түр хашаа стандартын шаардлага хангахгүй байсан зөрчлийг арилгасан байна.
  • Чингэлтэй дүүрэг дөрөвдүгээр хороо, “Аргамаг” ХХК-ны барилгын түр хашаа стандартын шаардлага хангахгүй байсан зөрчлийг арилгав.

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж байна.

Мөн шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга байгууламжийг албадан буулгана.

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс