МАН-ын Бага хурал 16.00 цагт, АН Үндэсний бодлогын хороо 18.00 цагт хуралдаж нэр дэвшигчдээ тодруулна

timelive.mn 2024-05-20

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 14-ны өдөр эхэлсэн.  Хуулийн дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүд тавдугаар сарын 14-20-нд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулж, тав хоногийн дотор СЕХ-нд бүртгүүлдэг. Энэ удаагийн сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцох эрхийг СЕХ баталгаажуулсан.

Харин бие даагчид энэ хугацаанд тойргийнхоо 801 дэмжигч сонгогчийн гарын үсгийг цуглуулж, СЕХ-нд бичиг баримтын хамт хүргүүлэх юм. Одоогоор 77 бие даагч мөрийн хөтөлбөртөө ҮАГ-аас дүгнэлт гаргуулаад буй. Тэгвэл нам, эвслийн нэр дэвшигчид, бие даагчдыг бүртгэх эсэхийг зургаадугаар сарын 1-ний дотор СЕХ шийдвэрлэнэ.

Энэ дагуу өнөөдөр /2024.05.20/ МАН, АН, ХҮН тэргүүтэй нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах нь. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа өнөөдөр дуусна. Тэгвэл МАН Бага хурлаа 16.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зарлаад байгаа бол АН Үндэсний бодлогын хорооны хурлаа 18.00 цагт Корпорайт зочид буудалд зарлажээ. Үүнээс өмнө МАН Удирдах зөвлөлөө 14.00 цагт хуралдуулж, нэр дэвшигчдийн асуудлаа эхний байдлаар хэлэлцэхээр товложээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын дарга нэр дэвшүүлэхгүй хүмүүсээ дуудаж, уулзсан байна.  Харин АН-ын тухайд Сонгон шалгаруулах комисс гэж байгуулсан. Тус комисс өнгөрсөн баасан гарагаас хуралдсан бөгөөд өнөөдөр ч хуралдах юм байна. Энэ удаагийн сонгуульд 128 гишүүнийг нэр дэвшүүлэх бөгөөд 78 ийг тойрогт, 48 ийг жагсаалтад оруулах юм. МАН-д хамгийн их горилогч бий бөгөөд 10 мандат дээр 20 хүн өрсөлдөж байгаа  юм. Бид мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.