Арабын Нэгдсэн Эмират улсад таван өдөр үргэлжилсэн жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнийг хувийн дүнгээр Япончууд тэргүүлж, Монгол Улс наймдугаар байрт эрэмбэлэгджээ.
Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чанараар наймдугаарт жагслаа. Нийт 25 улс ямар нэгэн медаль хүртсэн бол есөн улсаас алтан медальтан төрсөн юм. Энэ жилийн ДАШТ-ий хамгийн залуу аварга Гүржийн Георгий Сардалашвили байв. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн хошой медальтан болж буй Г.Сардалашвили өнгөрсөн жилийн хүрэл медалиа ахиулж, алтан медаль хүртэхдээ 20 нас, 359 хоногтой байлаа.
Түүнээс дөрвөн сараар эгч БНСУ-ын Хо Ми Ми эмэгтэйчүүдийн 57 кг-д өнгөлсөн бол Нидерландын Йоанна Ван Лешот 21 нас, 195 хоногтойдоо дэлхийн хошой медальтан болж байна. Тэрбээр эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиуллаа. Эмэгтэйчүүдийн 70 кг-д алтан медаль хүртсэн Францын Марго Пино 30 нас, 137 хоногтойдоо түрүүлснээр хамгийн ахмад нь болжээ.
0 cэтгэгдэлтэй