Н.Лхагвадорж: АН-д Сонгуулийн Ерөнхий Хорооноос ямар нэгэн зөрчилтэй холбоотой мэдээлэл ирээгүй

timelive.mn 2024-05-30

Ардчилсан Намаас/АН/ өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, УИХ-ын сонгуульд 126 хүний нэрийг дэвшүүлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд жагсаалтыг хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө.

Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “АН-ын сонгууль эрхэлсэн байгууллагаас хуулийн хугацаанд буюу 2024 оны тавдугаар сарын 25-нд УИХ-ын сонгуулийн тойрогт 78, жагсаалтаар 48 хүний нэрийг дэвшүүлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор хүргэсэн байгаа.

Эдгээрээс 102 хүн өмнө нь УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй, шинэ залуучууд. Үлдсэн 24 нь УИХ-ын гишүүн болон гишүүн асан, сайд, дэд сайд хийж байсан хүмүүс.

Нэр дэвшигчдийн 88 нь эрэгтэй, 38 эмэгтэй. 126 нэр дэвшигчийн дотор багш 10, эмч 8, инженер 22, эдийн засагч 31, эрх зүйч 28, сэтгүүлч 6, улс төрийн чиглэлийн хоёр хүн байна.

Боловсролын зэргийн хувьд бакалавр 47, магистр 63, доктор профессор 16. Гадаадад сургууль төгссөн 53, Монгол Улсад боловсрол эзэмшсэн 73 хүн байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос зургаадугаар 1-ний өдөр 126 нэр дэвшигчийн бүртгэлд зөрчил байгаа эсэхийг мэдээлнэ.

Одоогийн байдлаар АН-д Сонгуулийн Ерөнхий Хорооноос ямар нэгэн зөрчилтэй холбоотой мэдээлэл ирээгүй. АН-ын сонгуулийн төв штабын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Шударга сонгууль явуулахын тулд ёс зүйтэй хандана” гэж ярилаа.

Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мөнхжаргал “Засгийн газрын гишүүд мөнгө тараагаад явбал бүх намын шинэ нэр дэвшигчдэд боломж гарахгүй.

Төрийн албан хаагчдыг дайчилж сурталчилгаа явуулбал шударга сонгууль явагдах магадлал бага байна.

Сонгуульд шударгаар өрсөлдөхийг шаардсан албан бичгийг МАН-д хүргүүлнэ” гэв.