Гадаадын Иргэн, Харьяатын Газраас өчигдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулжээ.
Уг шалгалтаар тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, гадаадын хөрөнгө оруулалттай компани нь жуулчин ангиллын визээр орж ирсэн олон тооны гадаадын иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүлсэн байна.
Тодруулбал тухайн аж ахуйн нэгж байгууллага нь ажлын байрны төлбөрөөс зайлсхийж, аялал, жуулчлалын зориулалттай визтэй гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан нь тогтоогджээ.
ГИХГ
Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөр сар бүр төлөх хуулийн зохицуулалттай. Гэвч энэхүү төлбөрөөс зайлсхийж, аяллын визээр орж ирсэн гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл.
Жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд аяллын визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглахгүй байх, уригч аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулахгүй байхыг зөвлөж, анхааруулга мэдээллийг удаа дараа хүргэж байгаа хэдий ч дээрх төрлийн зөрчил гарсаар байгаа аж.
Иймд хяналт шалгалтын ажиллагааг улам чангатгаж, хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг Гадаадын Иргэн, Харьяатын Газраас анхааруулжээ.
0 cэтгэгдэлтэй