УДШ, ШЕЗ, ХЭҮК-ын 2025 оны төсвийн саналыг бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг байнгын хороо дэмжив

timelive.mn 2024-06-5

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2024.06.04/ хуралдаанаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны төсвийн төслийг хэлэлцжээ.

Хяналтын шатны шүүхийн цар хүрээ өргөжиж байгаатай холбоотойгоор хуралдааны тоо, хэмжээ нэмэгдэж байгаа аж. Мөн хуулиар тодорхойлсон албан ёсны тайлбар батлах учир судалгаа шинжилгээний ажлуудын цар хүрээ нэмэгдэж байгааг Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцуулсан.

Шүүхийн шийдвэрийг шүүгч тайлбарлан танилцуулдаг хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор энэ ажлыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалыг гаргаж, нэг чиглэлд оруулах ажлыг мөн гүйцэтгэж байгаа аж. Ирэх оны төсөвт шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн цахимжилтын хүрээнд төлөвлөлт хийгдсэн болохыг онцлов. Энэ хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн байна. Улсын дээд шүүхийн гадаад харилцаа болон сургалт хөгжлийн арга хэмжээний зардал энэ оныхоос 20 орчим хувиар нэмэгдэж, төсөвлөгдсөн гэв. Улсын дээд шүүх нь Хангарди ордныг шилжүүлэн авах шийдвэр гарсан бөгөөд барилгыг шүүхийн стандартад нийцүүлэн засах, үүний дараа нүүх, байрших, цаашдын ашиглалтын зардал зэргийг мөн төсөвт тусгажээ.

Мөн Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн дагуу батлагдсан сүлжээгээр цалингийн хэмжээг тодорхойлж, төсөвт тусгасан гэлээ. Түүнчлэн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Улсын дээд шүүхийн дэргэд ажилладаг бөгөөд тус хүрээлэнгийн зардлыг бас энэхүү багцад тусгасан гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 54.5 хувь нь Улсын дээд шүүхийн 2025 оны төсвийн саналыг бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжив.

Дараа нь Хүний эрхийн Үндэсний Комиссын ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн бөгөөд тус Комиссын дарга Д.Сүнжид энэ талаар хуралдаанд танилцуулсан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай болон нэмэлт зургаан хуульд тусгайлсан заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгааг дэлгэрэнгүй танилцуулав. Комисс өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тус асуудлыг шийдвэрлэх төсөвлөлт, 2025 онд болох Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганыг зохион байгуулахтай холбоотой зардлуудыг тусгаад нийтдээ 30.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.

Санал хураалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны төсвийн саналыг төсөвлөснөөс бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 54.5 хувь дэмжлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилсэн. Төслийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар дээрх танилцуулгатай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны төсвийн саналыг төсөвлөснөөс бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжсэн байна.

Төгсгөлд нь Шүүхийн сахилгын хорооны 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны төсвийн саналыг төсөвлөснөөс бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжив.

 

Эх сурвалж: parliament.mn