Газын ослын хохирлын дүгнэлт гарчээ

timelive.mn 2024-06-12

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт “Газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна” гэсэн дуудлага 2024 оны нэгдүгээр сарын 24-ний шөнийн 01:07 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтрааж ажилласан байдаг.

Газын дэлбэрэлт болсноор ойр орчмын 207 байр, 830 дугаар байр, 201, 204 дүгээр байрууд галд өртсөн. Мөн Зуун айл, Хайлааст, Нэгдүгээр хороолол орчимд агаарын чанарын өөрчлөлт тодорхой хэмжээгээр үүссэн гэдэг. Газ дэлбэрсэнтэй холбогдуулан ажлын хэсэг гарган ажиллуулж 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд дүгнэлт гарах байсан хэдий ч дүгнэлт гаргах хугацаа хойшилж өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 12-ний өдөр гарсан байна.

Ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор 6 төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, 60 орчим дүгнэлтийг гаргуулжээ. Галын улмаас онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоод байна.