Нэр дэвшигч П.Мөнхтулга сайн дураараа цагдаагийн байгууллагад ирчхээд худал мэдээлэл тараасан гэж мэдэгдэв

timelive.mn 2024-06-13

УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч П.Мөнхтулгыг тус аймагт сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийж байх үеэр буюу өчигдөр шөнө /2024.06.13/ Архангай аймгийн цагдаагийн газраас дуудаж, мэдүүлэг авсан.

Түүнийг сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйл заалтыг зөрчсөн байж болзошгүй гэх асуудлаар ийнхүү мэдүүлэг авсан байдаг. Энэ үйл явдал нь Ардчилсан намын дэмжигчдийг бухимдуулж, нэр дэвшигч П.Мөнхтулгыг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулахад хүрсэн байдаг.  Тэгвэл нэр дэвшигч П.Мөнхтулгыг багийн Засаг дарга нарт бага оврын компьютерийг тараасан гэж буруутгаж байгаа аж. Харин П.Мөнхтулга нь “Би сонгуулийн жил эхлэхээс өмнө намын үйл ажиллагаанд зориулж компьютер өгсөн. 2013 оны 12 сарын 07-ны өдөр багийн Засаг дарга нартаа зориулж, хаанаас ч хамаагүй шууд интернэтэд ордог нөүтбүүк өгсөн юм. Хөхөө өвлийн хүйтэнд хөр цаснаар багийн Засаг дарга нар мал тооллогын дүнгээ өгөхөөр сум руу гаа явж байгаад чих, гар хөлөө хөлдөөгөөд байдаг. Тиймээс би өгсөн.  Сонгуулийн хууль зөрчөөгүй учраас нэр дэвшигчийн үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн. Сонгуулийн жил эхэлснээс хойш би нэг ч төгрөг тараагаагүй” гэх тайлбарыг өгсөн юм.

Түүнийг шалгах хүсэлтийг Архангай аймгийн МАН-ын дарга, Засаг дарга Б.Цэрэннадмид цагдаагийн байгууллагаас өгсөн байж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. Тус байгууллагаас мэдээлэл өгөхдөө ” 2024 оны зургаадугаар сарын 07-ний өдөр УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт нэр дэвшигч П.Мөнхтулга нь сонгуулийн хууль зөрчиж, хориглосон сурталчилгаа хийсэн байж болзошгүй гэх гомдол мэдээлэл ирсэн. Гомдол мэдээллийг бүртгэж аваад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан. Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Дэмид жанжины талбайд Ардчилсан намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтийг зохион байгуулсан. Энэ арга хэмжээний дундуур 21.30 минутад нэр дэвшигч П.Мөнхтулга цагдаагийн байгууллагад аав болон өмгөөлөгчийн хамтаар сайн дураараа ирсэн. Үүний дагуу тухайн зөрчлийг шалган шийдвэрлэж байгаа алба хаагчийг цагдаагийн байгууллагаас дуудсан. Алба хаагчийг ирэх явцад аав Пүрэвбаатар нь буцаж Ардчилсан намын нээлтийн үйл ажиллагаан очиж “Манай хүү Мөнхтулгыг цагдаа хүчээр бариад аваад явлаа” гэсэн худал мэдээллийг тараасан.

Үүний дагуу иргэд нэлээн бухимдсан. Энэ мэдээлэл нь хууль сахиулах байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл байдал үүссэн тул харамсаж байна. Цагдаагийн байгууллага сонгуулийн үед нийтийн хамарсан арга хэмжээний үед үл хамааран гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үндсэн чиг үүргийг хуулийн хүрээнд гүйцэтгэж ирсэн. Мэдээллийг залруулж байна” гэв.