Эрдэмтэд, тамирчдын хамтран боловсруулсан “Ring of Fire” судалгааны тайлан өчигдөр нийтлэгджээ.
Уг судалгаа нь уур амьсгалын өөрчлөлт тамирчдын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох зорилготой юм.
Судалгааны ажилд Climate Central ашгийн бус байгууллага, Их Британийн Портсмутын Их сургууль, олимпын медальтай 11 тамирчин оролцжээ.
Энэ зуны олимпын наадам өмнөх бүх наадмуудаас хамгийн өндөр эрсдэлтэй болж магадгүйг судлаачид анхааруулсан байна.
Тухайлбал “2024 оны 7-8 дугаар саруудад зохион байгуулагдах Парисын олимпын наадмын үеэр агаарын хэт халалтын улмаас тамирчид ухаан алдаж унах, хамгийн муу тохиолдолд үхэх хүртэл эрсдэлтэй тулгарч болзошгүй байна” гэж бичжээ.
Мөн спортын салбарын олон мэргэжилтэн халалтын нөлөөг бууруулахын тулд тэмцээн уралдааны цагийн хуваарийг өөрчлөхийг уриалах болсон талаар тайланд дурдсан байна. Зохион байгуулагчдад тамирчид, хөгжөөн дэмжигчдийг сэрүүцүүлэх, ундны усаар хангах нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
Зуны олимп зохион байгуулагдах долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11 хүртэл хугацаа нь Парисын хамгийн халуун үе байдаг.
Парис хотод агаарын хэт халалт жил ирэх тусам эрчимжиж байгаа. Өнгөрсөн оны зун Франц даяар 5,000 гаруй хүн хэт халууны улмаас амиа алдсан юм. Европын 854 хот дундаас Парис хотод хамгийн олон хүн хэт халалтын нөлөөгөөр амиа алдсаныг өнгөрсөн сард “Lancet Planet Health” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.
Парисын наадмыг зохион байгуулагчид хүлэмжийн хийн ялгарлыг бага байлгах зорилгоор тамирчдын байрлах байрыг сэрүүцүүлэгчгүй болгосон нь эрсдэл дагуулж болзошгүйг “Ring of Fire” судалгаанд анхааруулсан байна.
“Халуун цаг агаараас болж нойргүйдэх нь тамирчдын санааг зовоож буй нэг асуудал юм. Ялангуяа Олимпын хотхонд сэрүүцүүлэгч байхгүй нь уг асуудлыг улам хүндрүүлж байна” гэж судлаачид анхааруулжээ.
2021 оны Токиогийн Олимпын наадмыг түүхэнд хамгийн халуун цаг агаартай нөхцөлд зохион байгуулагдсан гэж үздэг. Уг наадмын турш Японы нийслэлийн цаг агаар тогтмол Цельсийн +30 хэмээс дээш, 80 хувийн чийгшилтэй байсан юм.
Наадмыг зохион байгуулагчид халуунаас зайлсхийх зорилгоор марафоны хоёр уралдааныг Токиогоос хойш 800 км зайтай газарт шилжүүлсэн ч нэмэр болоогүй.
Олон тамирчин Токиогийн халууныг гайхаж, Оросын алдарт теннисчин Данийл Медведев өөрийг нь талбай дээр амьсгал хураавал хэн хариуцлага хүлээхийг зохион байгуулагчдаас асууж байв.
Тэгвэл Парисын Зуны Олимпын наадам агаарын халалтаараа Токиогийн наадмыг ч давах төлөвтэй байна.
Эх сурвалж: AFP
0 cэтгэгдэлтэй