Монгол болон Узбекистан улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд анх удаа болж буй дээд түвшний айлчлал эхэллээ

timelive.mn 2024-06-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ.

Зочдыг Ташкент хотын “Ташкент” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов,  Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Б.Сайдов, Ташкент хотын дарга Ш.Умурзаков,  Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ф.Арзиев, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт сайд Д.Батбаатар нар угтан авав.

зураг

Энэ айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд анх удаа болж буй дээд түвшний айлчлал гэдгээрээ онцлог болж буй.

Угталтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт “Шинэ Узбекистан” цэцэрлэгт хүрээлэн дахь “Тусгаар тогтнолын хөшөө”-нд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөсний дараа Түүхийн музейн захирал Ж.Исмаилова дурсгалын хананд сийлсэн Узбекистан Улсын түүхийг товч танилцуулав.

Монгол, Узбекистан хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоож, Узбекистан Улс 2023 онд Улаанбаатарт, Монгол Улс 2024 онд Ташкент хотноо ЭСЯ-аа нээсэн.