“Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2024” олон улсын арга хэмжээ 2024 оны 8-р сарын 23, 24, 25-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ жил ирэх тусам өргөжиж, хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд өнгөрсөн жил дэлхийн 10 орны 150 орчим гадаад явган алхагчид оролцож байжээ. Тэгвэл энэ жил ОХУ-ын Владывосток хот, БНХАУ-ын Бээжин хот, БНЧУ-ын Праг хот, БНСУ-ын Сөүл болон бусад хотууд, Япон улсын Токио хот, Их Британи, АНУ, Турк, Тажикстан зэрэг нэлээд орноос оролцохоо илэрхийлсэн байна.
Мэдээж монгол орныхоо өнцөг булан бүрээс, аймаг хотуудаас олон тооны алхагчид хуран цугладаг сонирхолтой арга хэмжээ болдог ажээ. Алхалтаас гадна амрах цэгүүд дээр урлаг соёлын хөтөлбөр, морьт харвааны шоу үзүүлбэр гээд олон сонирхол татсан хөтөлбөрүүдийг багтааснаараа онцлог юм. Тус фестиваль нь Улаанбаатар хот, нийслэл хот орчмын түүх соёл, өв уламжлал, ахуй байдал, байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах замаар нийтийн биеийн тамирын чухал нэг төрөл болох явган алхалттай хослуулсан хэлбэрээр Go Mongolia Walk Together! уриан дор зохион байгуулагдах юм байна.
Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж “Welcome to Mongolia”-г түлхүүр үгээ болгож манай улсын өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид аялал жуулчлалын салбараас гадна эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлж гаргасан Go Mongolia уриа, агуулгад нийцүүлэн Go Mongolia Walk together! гэсэн уриаг зохион байгуулагчид гаргажээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд явган алхалтын аялал жуучлалд ихээхэн анхаарч, харьцангуй бага зардлаар явган алхалтын дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж, олон улсын стандартын тэмдэг, тэмдэглэгээг нэвтрүүлж, мэдээллийн нэгдсэн системийг үүсгэн, олон улсад сурталчилан таниулах замаар жуулчдыг татаж байгаа бөгөөд энэ нь улмаар орон нутгийн иргэдийн эдийн засгийг шууд дэмжих таатай нөхцлийг бүрдүүлж байна.
Фестивалийн арга хэмжээ нь Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болох бөгөөд 23-ны өдөр өглөөний 07:30 цагаас Дүнжингарав худалдааны төвөөс нэгдсэн журмаар автобусандаа суун Горхи-Тэрэлж дэхь алхалтын эхлэх байршилруу хөдөлж, алхалтын дараа буцаж Улаанбаатар хотод ирэх юм. Харин 24, 25-ны амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайгаас автобус хөдлөн, буцаж талбайд ирэх ажээ. Оролцогчид 3 өдрийн турш хамрагдан алхаж амжихгүй бол аль нэг, хоёр өдөр ч оролцох боломжтой юм байна.
Фестивалийн гурван өдрийн туршид өглөө бүр алхалтын нээлтийг хийж, уртын дуу, бүжиг, ардын дуу, орчин үеийн дуу, хөөмий, морин хуурын тоглолт, уран нугаралт, морин циркийн үзүүлбэр гээд явган алхагчдад зориулсан урлагийн тоглолтуудыг үзүүлсэн нь алхалтын фестивалийг улам илүү сонирхолтой болгох юм. Түүнчлэн орон нутгийн иргэдийн гар урлал, сүү цагаан идээ, хоол зуушийг борлуулах боломжийг бүрдүүлснээр алхагчдын хувьд нутгийн иргэдээс үйлчилгээ авах, орлого орлого оруулах боломжийг бүрдүүлсэн явдал байлаа.
Энэхүү фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, Монгол Оллэ нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бол бодлого, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэн Нийслэлийн замын цагдаагийн газар, Баянзүрх, Налайх дүүргийн ЗДТГ, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаа, БТСУХ, НЭМҮТ зэрэг төрийн бодлогын байгууллагууд дэмжиж байна.
Ulaanbaatar Walking Festival 2024-н үеэр орон орны явган алхагчид өөр хоорондоо танилцаж, дурсгалын зүйлс солилцож, соёлын солилцоо хийж, хамтдаа нөхөрлөж, хөгжилдөж гурван өдрийн туршид гайхалтай сайхан дурсамжийг бүтээх боломж бүрдэж явган алхалтын фестиваль гэхээс гадна соёлын томоохон арга хэмжээ болж өргөжиж байгаа нь сайхан байна.
Та эрүүл зөв амьдралын хэвшлийг бүтээж, байгаль эх дэлхийнхээ гоо сайхныг тольдон, нөхөрлөлийн хүрээгээ тэлэн фестивальд оролцож, хамтдаа алхахыг хүсвэл энэхүү холбоос дээр дарж бүртгэлийн хуудсыг бөглөөрэй >>> https://qrco.de/Ulaanbaatar
Жич: Илүү их зураг, мэдээллийг үзэхийг хүсвэл явган алхагчдын нэгдсэн групп >>> https://www.facebook.com/groups/mongolwalkers -т хандаарай.
Эх сурвалж: Улаанбаатар явган алхалтын фестиваль-2024 зохион байгуулах баг
0 cэтгэгдэлтэй