Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар 2021-2024 онуудад зохион байгуулагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагааг дуусгаж, татан гаргасан машин, техникийг орон орон нутагт хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн удирдах газрын мэргэжилтэн, хурандаа М.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд наражлын хэсгийн бүрэлдэхүүн, аймаг, орон нутгийн холбогдох удирдлагууд оролцсон юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргаж, 50 орчим тн бохирдол шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож, Хөвсгөл нуурыг бохирдох эрсдэлээс хамгаалж чадлаа.
Ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар анги, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр анги, Геомастер компанийн хайгуул, судалгааны багийн ажилтан, алба хаагчид үүрэг хамтран үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийн дагуу улс орнууд дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж буй гол хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэргийг ялгарал болон ялгаруулагчийн эх үүсвэрийг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа билээ. Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг татан гаргах ажиллагааг зохион байгуулсанаар 161тн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг таслан зогсоож, дэлхийн хэмжээнд дэвшүүлсэн 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тодорхой хэмжээгээр бууруулж, 2050 он гэхэд ялгарлыг тэг /0/ болгох зорилт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад Монгол Улс бодит хувь нэмэр орууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч миний бие Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа анх санаачлан анхаарал хандуулж ирсэн нэг томоохон ажлын нэг бол Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах, аюултай хог хаягдлыг цэвэрлэж, нуурын бохирдлыг бууруулах, эко системийг хамгаалах явдал юм.” гэлээ. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Анх Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар хөлөг онгоц”-ыг татан гаргахад Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд маань олон улсын жишигт нийцүүлэн Монгол Улсын боломжид тулгуурлан монгол эрдэмтэн, инженерүүдийн арга ухааныг шингээсэн ажиллагааг гүйцэтгэх технологийн картыг боловсруулж, татан гаргах байгууламжийг угсарч энэхүү ажиллагааг гүйцэтгэсэн нь Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд түүхэн үйл явдал болж байсныг эргэн санахад таатай байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нуурт живсэн нийт 11 тээврийн хэрэгсэл, түүнд агуулагдаж байсан шатахуун, тос, тосолгооны материал болон бусад аюултай хог хаягдлыг татан гаргаснаар та бид Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулж, экосистемийг хамгаалахаас гадна олон ололт амжилт, туршлага хуримтлууллаа” хэмээн онцоллоо.
0 cэтгэгдэлтэй