Өнөөдөр сурч мэдэхийн их аянаа эхлүүлж, бас үргэлжлүүлж буй мянга мянган сурагчийн баяр хөөрөөр эх орон минь бялхаж байна.
Налайх дүүрэгт маань өнөөдөр улсын чанартай 19 боловсролын байгууллагын нийт 9300 сурагч, цэцэрлэгийн насны 4400 хүүхэд, 700 багш ажилтнууд 2024-2025 оны хичээлийн шинэ жилээ угтаж байна.
Миний бие төрөлх Налайх дүүргийнхээ бахархал болсон “Алтангадас” одонт “Голомт” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, шинэ хичээлийн байраа ашиглалтад хүлээн авсан баярт үйл явдлаас нь хуваалцлаа.
1938 онд байгуулагдсан “Голомт” сургууль бол Монгол Улсын ууган сургуулиудын нэг бөгөөд Налайх дүүргийн боловсролын байгууллагын үндэс суурь, гал голомт нь болохын хувьд энэ сургуулиас “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, 119 дүгээр сургууль, 109 дүгээр сургууль, 160 дугаар сургуулиуд өрх тусгаарлаж гарсан түүхтэй.
Өдгөө 70 бүлэг 2464 суралцагч, 160 гаруй багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа тус сургуулийн хичээлийн шинэ байрыг барьж ашиглалтад оруулах асуудлыг миний бие 2020 онд Нийслэлийн Засаг дарга байхдаа тухайн үеийн Ерөнхий сайд болон Засгийн газрын холбогдох гишүүдэд уламжилж, энэхүү томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлж байсан билээ.
Тэгвэл 2024-2025 оны хичээлийн жилд энэ хамт олон 960 хүүхдийн суудалтай, орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан хичээлийн шинэ байраа ашиглалтад хүлээн авснаар багш, сурагчид 3 ээлжээр хичээллэхгүй байх боломжийг бүрдүүллээ.
2025 оноос Налайх дүүрэг Улсын зэрэглэлтэй хот болох түүхэн шийдвэр хэрэгжиж эхлэх бөгөөд хүүхэд багачуудыгаа эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлэхийн төлөө илүү их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх болно.
0 cэтгэгдэлтэй