Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

timelive.mn 2024-09-27

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ энэ сарын 26-нд Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавскитай уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Ян Липавскитай Нью-Йорк хотноо дахин уулзаж, 2023 онд Чех Улсад хэрэгжүүлсэн албан ёсны айлчлалаас хойших хоёр талын харилцааны асуудлаар санал солилцож буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар ирэх онд тохиох Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Мөн Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, худалдааг нэмэгдүүлэх, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхэд хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн нь чухал түлхэц болохыг талууд онцолсон юм. Түүнчлэн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцолж, цаашид энэхүү уламжлалаа хадгалахаа талууд нотлов.