Хүйтний улмаас засвар хийсэн авто замд долгио үүссэн тул гүйцэтгэгч компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварлахаар болжээ

timelive.mn 2024-10-21

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Энхтайваны гүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг шинэчлэн зассан. Гэвч цаг агаарын байдлаас болж зам засварын ажлууд түр зогсоод буй.

Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс мэдэгдэл хийлээ.

“Хугацаа ёсоор Нийслэлийн Замын хөгжлийн газраас Энхтайваны гүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг  өнөөдөр буюу 10 сарын 21-ний өдөр нээх ёстой байв. Гэвч зам засварын ажил явагдах үед цас орсны улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ”  гэж Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр  хэллээ.