“Мас-рестлинг” буюу модон барилдааны ДАШТ-ээс манай улсын арван гурав тамирчин медальт байрт шалгарлаа

timelive.mn Өчигдөр

Киргизстаны нийслэл Бишкек хотод өсвөр үе, насанд хүрэгчид, үнэмлэхүй жингийн модон барилдааны дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнд 39 орны 265 тамирчин 23 жингийн ангилалд  өрсөлдөж амжилттай өндөрлөлөө.

Тодруулбал уг тэмцээнээс манай тамирчид нэг алт, гурван мөнгө, есөн хүрэл медаль хүртэж, өчигдөр эх орондоо ирсэн байна. Тухайлбал өсвөрийн ангилалд хөвгүүдийн 80 кг-ын жинд У.Нарантогтох алтан медалиар энгэрээ мялааж, Монголын төрийн дууллыг Бишкект эгшиглүүлжээ. Улмаар өсвөрийнхөн нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл хүртсэнээр багийн дүнгээр гуравдугаар байр эзлэн хүрэл цомын эзэн болов.

Тэгвэл насанд хүрэгчид нэг мөнгө, долоон хүрэл медаль авсан байна. Уг тэмцээнд олон улсын шүүгч С.Тэлмэн нарийн бичгийн шүүгчээр ажилласан бол олон улсын шүүгч Б.Даариймаа талбайн шүүгчээр ажиллаж А зэрэглэлийн үнэмлэхээ гардан авчээ. Түүнчлэн энэ үеэр олон улсын мас-рестлинг буюу модон барилдааны холбооноос 2025 оны ДАШТ-ийг Монголд зохион байгуулах эрх олгосон байна.