Улсын онцгой комиссоос түймэрт өртсөн өрхүүдэд тусламж хүргүүллээ

timelive.mn 7 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын Шуурхай хэсэг хээрийн түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас, хоол хүнсний тусламж, эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байна.

Хээрийн түймэрт 38 гэр,  дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3000 гаруй  бог, 48 бод мал, 3500 гаруй  боодол өвс өртсөн гэсэн урьдчилсан мэдээллийг ОБЕГ өгсөн. Хохирлын хэмжээ эцэслэгдээгүй байгаа юм. Хээрийн түймэр гарсан аймгуудад шүүхийн шинжилгээний ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг ажиллаж нөхцөл байдлын үнэлгээ хийх, гал түймрийн эрсдэлийг тогтоох, малын сэг зэмийг нэн дариу устгалд оруулах, халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг зохион байгуулж байна. УОК-оос түймэрт өртсөн өрхүүдэд нийт 400 сая төгрөгийн тусламж хүргүүлэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ орон гэргүй болсон  айл өрхөд  иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламжийн бараа хүлээлгэн өглөө.

ДОРНОД АЙМГИЙН ХӨЛӨНБУЙР СУМЫН 57 АЙЛ ӨРХ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 

Дорнод аймагт гарсан гал түймэрт өртөж хамгийн их хохирол амссан нь Хөлөнбуйр сумын Батхаан баг юм.  Батхаан багийн нутаг дэвсгэрт нийт 70 айл өрх өвөлжиж байснаас 60 орчим айл өрх их бага хэмжээгээр гал түймэрт өртөж, хохирол амссан бол одоогийн байдлаар  6000 гаруй мал хорогдоод байна. Батхаан багийн хэмжээнд  47 мянган га газар түймэрт өртсөн нь нийт газар нутгийн 35 хувийг хамарчээ.  Аймаг, сум орон нутгийн удирдлагууд гал түймэрт өртсөн малчдынхаа амьжиргааг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж байгааг  хэллээ.  Зарим малчдаас мал угаартлаа, тодорхойгүй шалтгаанаар үхэж байна гэх дуудлага ирж буйг нутгийн удирдлагууд хэлж байна. Тиймээс цаашид малын эм тарианы хэрэгцээ шаардлага их гарч болзошгүй байна.

БАЯН-ОВОО СУМЫН СҮМБЭР БАГТ ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС НИЙТ 30.800 ГА ГАЗАР ШАТСАН

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30.800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар таван айлын долоон гэр, саравч, хашаа, 300 гаруй толгой мал үрэгджээ.  Түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ,  ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллалаа.

ТҮЙМЭРТ ӨРТСӨН АЙЛ ӨРХҮҮДИЙГ МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНА

Хүний санамсар болгоомжгүй, хэнэггүй  үйлдлээс болж гарсан ой хээрийн түймэр малчдад том хохирол учруулаад байна. Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг гэдгийг онцгой байдлын алба хаагчид хэлж байлаа. Түймэр гарсан газарт салхины хурд 6-18 м/секунд хүртэл салхилсан учраас түймэр их талбайг хамарсан тухай  ОБЕГ-аас мэдээллээ. Цаашид хээрийн түймэрт өртсөн айл өрхүүдийг малжуулах хөтөлбөрт хамруулах зэргээр тусалж дэмжих юм.