
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж үг хэлэв.
УИХ-аас анх удаа Үндсэн хуулийн цэцэд хандан “Тодорхой хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх” асуудлаар хүсэлт гаргах гэж байна. Үүнийг би зөв жишиг болох байх гэж бодож байгаа. УИХ хүсэлт гаргавал Үндсэн хуулийн Цэц шууд маргаан үүсгэдэг. Ингээд бүрэн бүрэлдэхүүнээр шууд хуралдаж асуудлыг шийдвэрлэдэг онцгой горимтой. Тэр утгаараа би үүнийг дэмжиж байгаа.
Хуульд мухардал гэж байдаггүй. Хууль мухардсан бол Үндсэн Хуулийн Цэц үүнийг арилгах чиг үүрэгтэй.
Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар бид өнгөрсөн парламентын үед хэргийг шүүхээс буцаадаг асуудлыг болиулсан юм. Нотол, чадахгүй бол цагаатга гэдэг зарчмыг эрүүгийн процессын хуульд суулгасан. Харамсалтай нь, шүүх үзэмжээрээ, ялгамжтай хандаж зарим хүний хэргийг буцаагаад байгаа. Тухайлбал, Б.Найдалаа, Н.Алтанхуяг зэрэг гишүүний хэргийг шүүх буцаасан гэж ойлгоод байгаа.
Өөрөөр хэлбэл нотлогдохгүй бол хүнийг цагаатгах ёстой, нотлогдож байгаа бол шууд ял өгөх ёстой. Түүнээс ийм байна, чи ингээд ир гэж чиглэл даалгавар өгдөг байгууллага шүүх биш. Мөн прокурор, мөрдөн шалгах байгууллагын дутуу хийсэн ажлыг гүйцээдэг нь шүүх биш. Тиймээс бид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж эцэслэн мухарлах санал, хүсэлт гаргах бодолтой байна.
Өчигдөр О.Алтангэрэл сайд Д.Цогтбаатар гишүүний асуудлаар мэдэгдэл хийжээ. Улсын дээд шүүхийн шийдвэр гараад гэм буруутай гээд үзсэн, хуулийн мухардалд орсон гэсэн байна. Хуульд мухардал гэж байдаггүй. Хууль мухардсан бол Үндсэн Хуулийн Цэц үүнийг арилгах чиг үүрэгтэй. Би “Хөгжлийн банкны” хэрэгтэй танилцаад Д.Цогтбаатар гишүүнийг гэм буруутай гэдгийг олж харж байгаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарчхаад байна. Би энэ асуудлыг хүнийх нь хувьд яриагүй гэдгийг ойлгоорой” гэв.
0 cэтгэгдэлтэй