
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Хуулийн төсөлд “ташаа мэдээлэл” гэж бусдын сэтгэл санаа, бие махбодь, эсхүл хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хохирол учруулах зорилгогүйгээр түгээсэн бодит байдалд нийцэхгүй гэдгийг мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан алдаатай мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг; ”илт худал мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээд, улс оронд санаатайгаар хохирол учруулах зорилгоор түгээсэн ор үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг хэлнэ хэмээн тодорхойлсон. Нэг хүн намайг 15 удаа гадагшаа явсан гэж гүтгэсэн хэмээн гомдол гаргаж. Харин тэр хүн үнэндээ 13 удаа явсан байж. Ийм тохиолдол гарсан. Энэ бол илт худал мэдээлэл биш. Сэтгүүл зүйд бид эндүүрэл, ташаарал гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой юм билээ. Хуулийн төсөлд дээрхийг тодорхойлон оруулснаар эндүүрсэн, ташаарсан мэдээлэл бүртэй нь холбогдуулан сэтгүүлчийг илт худал мэдээлэл тараалаа гэж буруутгах боломжгүй болох юм гэж хариулав.
Дараа нь УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр тогтоосон тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй