Х.Баттулга бас л байдаггүй

timelive.mn 7 цагийн өмнө

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээг танилцууллаа.

Нийт 126 гишүүнээс өнөөдрийн хуралдаанд 19 нь ирсэнгүй. Үүнд:

  • Чөлөөтэй 6
  • Эмнэлгийн чөлөөтэй 2
  • Гадаадад томилолттой 11

Чөлөөтэй 6 гишүүний нэг нь Х.Баттулга. Түүнийг УИХ-ын чуулганы хуралдаандаа олон удаа оролцохгүй байгааг олон нийт шүүмжилж буй.

УИХ-ын гишүүн Х.Баттулга чуулганы сүүлийн гурван хуралдаанд буюу:

  • 2025.04.17 чөлөөтэй
  • 2025.04.18 чөлөөтэй
  • 2025.04.25 чөлөөтэй байжээ.

Түүний чөлөө авч буй нь хүндэтгэх шалтгаантай юм болов уу гэвэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн шиг яваа.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн тойргийнхоо иргэдтэй уулзаж, тэдний саналыг сонсож, УИХ-д дуу хоолой нь болдог. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Мөн хууль батлахад оролцож, сонгогчдынхоо өмнөөс саналаа өгөх үүрэгтэй.

“УИХ-ын гишүүдийн ажил олгогч нь иргэд бид. Өөрөөр хэлбэл, тэр хүнд саналаа өгөөд, ажилтай болгоод явуулдаг.Ажил олгогч хүнд цалин өгөөд ажиллуулж байгаа бол түүнийг ажилдаа ирж байна уу, үгүй юу гэдгийг хянана. Тасалбал шаардлага тавина, дахиад ирэхгүй бол хална. Гүйцэтгэл чинь хэр байна, үндсэн ажлаа хийж байна уу, хувийн юмаа хийгээд явна уу гээд хянадаг шүү дээ.

Гэтэл иргэд сонгож төрд илгээсэн УИХ-ын гишүүд сонгуулиар л хариуцлага тооцно гэж боддог нь маш өрөөсгөл ойлголт. Зүй нь бол өдөр бүр тэр хүнийг хянаж, хариуцлага тооцож байх ёстой. Ажлын гүйцэтгэлийг нь сайн байлгахын тулд өдөр бүр үүрэг хариуцлагыг нь сануулж байх учиртай” гэж “Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадрал ярьсан.

Өөрөөр хэлбэл, Х.Баттулга гишүүний ажил олгогч нь иргэд. Тиймээс түүнийг олон удаа чөлөө авч, ажлаа хийхгүй байгаад иргэд шаардлага тавих эрхтэй.