
Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг танилцуулдаг. Зах худалдааны төвүүдэд өчигдрийн байдлаар хонины ястай мах килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах килограмм нь 20203 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар өсөж 20203 төгрөг болсон бол үхрийн цул махны үнэ 1.2 хувиар өсөж 23204 төгрөг болжээ.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн бөгөөд энэ нь сүүлийн 2-3 жилийн дунджаас хоёр дахин өндөр өсөлттэй байгаа юм. Үүний шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол бөгөөд өнгөрсөн өвөл зудын улмаас 9.4 сая мал хорогдсоноос мах нядалгаа багасаж, нийлүүлэлт буурсан байна. Мөн намрын сүүл, өвлийн эхэн сард дулааралт ажиглагдсанаас мах нядалгааны хугацаа сунжирч, хөлдүү махны нөөц багассан нь үнийн өсөлтөд нөлөөлжээ. Үүнээс гадна мах хадгалдаг зоориудын түрээсийн үнэ хоёр дахин нэмэгдсэн нь үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Монголбанкны мэргэжилтнүүдийн тооцсоноор махны үнэ зургадугаар сар хүртэл өсөх хандлагатай байгаа аж.
0 cэтгэгдэлтэй