
Үндсэн хуулийн 33.1-т Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Энэ дагуу УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг маргааш /2025.10.10/ Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.
-ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД-ИЙГ ХАРВАЛ ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАХАД ЖИН ДАРЖ БАЙНА-
Ингэхдээ ямар саналын томъёоллоор санал хураалгах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Юу үнэн, Засгийн газар огцрох эсэхийг АН-ын бүлэг шийдэх нь бодитой байна. Тэгэхээр Д.Амарбаясгалангийн талынхан АН-ын бүлгийг чуулганы хуралд суулгаж, кнопдуулахын тулд саналын томъёоллоор хэрхэн тоглох вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Засгийн газрыг огцруулах асуудал хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороогоор эхэлж орно. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийг харвал Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнээс эхлээд Засгийн газрыг унагахад жин дарах гишүүн олонтой байна. Ганц жишээ хэлэхэд, тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир л гэхэд Засгийн газрыг огцруулахыг дэмжиж мэдээлэл хийсэн.
Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороогоор “Засгийн газрыг огцруулах саналыг дэмжих үү” гэдгээр харин чуулганы хуралдаанаар байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжих үү гэдгээр тус тус санал хураалгах өндөр магадлалтай. Хэрвээ байнгын хороогоор дэмжихгүй бол “дэмжээгүй саналыг дэмжих үү” гэдгээр санал хураалгана.
-ХАРИН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ САНАЛ ХУРААЛТЫН МӨЧИД АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ОРОЛЦОХГҮЙ ГАРАХ МАГАДЛАЛ ӨНДӨР-
Гэхдээ энэ тохиолдолд АН-ын бүлэг чуулганы хуралдааны ирцэнд бүртгүүлээд хаяад гарах магадлал өндөр учир саналын томъёоллыг өөрчлөх магадлалтай. Учир нь АН-ын бүлэг, Улс төрийн зөвлөлөөс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ёс зүйн хувьд УИХ-ын чуулганы хуралдааныг удирдах эрхгүй, нэр холбогдоод буй хэргээрээ шалгуулах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Гаргасан энэ шийдвэртэйгээ холбоотойгоор АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд ирцээ бүртгүүлсэн ч танхимыг орхин гарч, санал хураалтад оролцохгүй байгаа билээ. Тэгэхээр АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тавьсан энэхүү шаардлагаа үргэлжлүүлж, Засгийн газрыг огцруулах санал хураалтын үеэр гарч явбал 50+1 хувь буюу 64-өөс дээш гишүүн дэмжих боломжгүй болох юм.
Учир нь Засгийн газрыг огцруулах асуудлаар МАН-ын бүлгийн 68 гишүүний цөөн хүний зөрүүгээр хуваагдсан бол АН-ын бүлгийн 42 гишүүний 28 нь УИХ-ын даргыг огцруулах байр суурьтай байгаа цаашлаад аль талд нь ч гарын үсэг зураагүй нэлээн хэдэн гишүүн бий бөгөөд тэд эцсийн мөчид бүлгийн шийдвэрээ дагана гэж байгаа юм. АН-ын бүлэг уг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны өмнө хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрэх аж.Тэгэхээр МАН-ын 30 гаруй дээр Үндэсний эвслийн 4, ХҮН намын 7, ИЗНН-ын 3 ийг нэмээд ч 64 дээш хүрэхгүй байна. Тэгэхээр талуудын аль аль нь 5 хүн дээр тоглох болов уу гэсэн таамаг байна.
0 cэтгэгдэлтэй