Ж.Энхбаяр: Ард түмний нэр барьж, уул уурхайг эсэргүүцдэг хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй

timelive.mn 2 цагийн өмнө

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Ж.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ үеэрээ тэрээр: “Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хүрээнд Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, зөвшөөрлийн хуулиудыг янзалж оруулж ирж байна. Өнгөрсөндөө дүгнэлт хийж, үйлдвэржилт, нэмүү өртөг боловсруулж байгаа ашигт малтмалаа ашигтай тал руу нь явуулахгүй бол урсгал зардал маань яг үнэндээ дийлдэхээ больсон. Улс орны төсвийн 80 хувь багш эмч нарын цалин, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, халамж руу явчихдаг. Улс оронд шаардлагатай хөрөнгө оруулалт, дэд бүтэц хийх чадавхтай улсын төсөв алга болж байна.

Засгийн газраас Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг оруулж ирж байна.

Бүх түүхий эд мөчлөгтэй байдаг. Нүүрс 1 тн нь 200 доллар хүрсэн үе бий. Мөн 20 доллар ч болж унасан үе байдаг. Өнөөдөр 60-70 доллар байна. Зэс 1200 доллар байсан цаг бий.

Өнөөдөр 13000 доллар хүрсэн. Бид нүүрсний уналтыг зэсийн өсөлтөөр нөхөөд төсөв санхүү дээрээ тэнцвэртэй байна. Энэ алтан үеийг ашиглаж ордуудаа эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Өндөр үед нь хөрөнгө оруулалт татах ашигтай. Хөрөнгө оруулагч сонирхдог, хөрөнгө оруулалт нөхөгддөг учраас тэр. Үнэ уначихаар хойшилдог. Ингэвэл улс орон хохирол амсдаг.

Улс орноо бодмоор байна. Дотоодын улс төржилт, хэрүүл, хийрхлийг зогсоомоор байдаг. Ард түмний, ТББ-ын нэр барьсан хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй байна.

Ингэхгүй бол эдийн засгаа тэлж чадахгүй. Намар төсөв улам хэцүүднэ. Шатахууны үнэ нэмэх асуудал орж ирж байна. ОХУ дотооддоо хязгаарлалттай байна. Нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах гэж хэдэн жил цаг алдав. Зээлийн чөлөөлөлтөөс нь чөлөөлж өгөхгүйгээр жилдээ 50-60 сая доллар зээл авч ирэх хэмжээнд явсаар байгаад сая хавар л чөлөөлж өглөө шүү дээ.

Ноён уулын тусгай хамгаалалтын зурвас бол нэлээн маргаан үүссэн. Ашиглалт нь явагдаад дээр нь байсан шороон ордыг ашиглачихсан. Шинэ газар хөндөж байгаа юм биш. Доор нь буй үндсэн ордыг гүйцээж ашиглая. Хажууханд нь буй ордод баяжуулалтаа хийгээд эдийн засгийн өгөөжөө маш хурдан авах боломжтой. Тэр орчимд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх, түүхэн дурсгалд нөлөөлөх зүйл байхгүй” гэв.