Б.Найдалаа: Ажил хаях биш, ажиллаж байж эрчим хүчний салбараа аваръя гэж уриалж байна

timelive.mn 2 цагийн өмнө

Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарласантай холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа /2026.6.29/ мэдээлэл хийлээ.

Б.Найдалаа:

-“Эрчим хүчний салбарт Үйлдвэрчний эвлэлийн хоёр холбоо байдаг. Тус хоёр холбоо цалинг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Энэ бол өмнө нь эрчим хүчний салбарт гарч байгаагүй зүйл. Хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, манай салбар төрийн алба биш. Төрийн өмчит 27 компани, мөн хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагын цалинг салбарын сайд тогтоодоггүй, төрийн албан хаагч ч шийдвэрлэдэггүй. Өөрөөр хэлбэл, хариуцлага нь сайдын бус, тухайн байгууллагын захирлын гарт байдаг. Цалингийн хувьд бид дур мэдэн тогтоодоггүй.

Гэхдээ байгаа боломжоо ашиглан энэ удаад цалингийн санг 10 хувиар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ нийт ажилтанд жигд нэмэхгүй. Харьцангуй өндөр цалинтай захирал, захиргааны болон арын албаны ажилтнуудын цалинг нэмэхгүй, энэ удаад тэвчинэ. Харин галын шугамд ажиллаж байгаа ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ.

Эрчим хүчний салбарын дундаж цалин 3 сая 747 мянган төгрөг байна. Харин улсын дундаж цалин 2 сая 989 мянган төгрөг. Дундаж цалингийн хэмжээгээр эрчим хүчний салбар тийм ч муу биш, уул уурхайн салбарын дараа ордог. Тиймээс эрчим хүчний салбарын цалин ажил хаялт хийх хэмжээнд хүрсэн гэж үзэхгүй байна.

Харин цалин жигд бус байгаа нь үнэн. Цалингийн тогтолцоо алдаатай. Бүтээмж багатай хэсэгт өндөр, хамгийн их ачаалал үүрч байгаа ажилтнууд бага цалин авч байгааг үгүйсгэхгүй. Цалингийн тогтолцоог шинэчилж, шударга болгохгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй. Тиймээс цалингийн тогтолцоог шинэчлэх, илүүдэл орон тоог цомхотгох, үр ашгийг нэмэгдүүлэх, ачаалалтай ажиллаж байгаа ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна. Одоо ч гэсэн нэмэгдэх 10 хувийг ачаалалтай ажиллаж байгаа ажилтнуудад олгоно. Боломжтой бол 30, 50, бүр 100 хувиар ч нэммээр байна. Гэхдээ байхгүй мөнгийг сайд байгаад ч, бурхан байгаад ч гаргаж ирж чадахгүй. Ид шидээр цалин нэмдэг зүйл гэж байхгүй. Ажил хаях биш, ажиллаж байж эрчим хүчний салбараа аваръя гэж уриалж байна. Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэх боломжгүй” гэв.