Латви улс хоёрдугаар сарын 14-нөөс хойш ОХУ-ын дугаартай автомашиныг хилээрээ нэвтрүүлэхгүй

timelive.mn 2023-11-3

Латви улсын парламент өчигдөр “Авто замын харилцааны тухай хууль”-аа шинэчлэн баталснаар ирэх оны хоёрдугаар сарын 14-нөөс хойш ОХУ-ын дугаартай автомашинуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй болжээ.

Одоо тус улсад зорчиж буй ОХУ-ын дугаартай автомашинууд хориг эхлэх өдрөөс өмнө бүртгүүлж, Латвийн дугаар авах ёстой юм байна.

Хэрвээ заасан хугацааг хэтэрвэл автомашиныг хурааж, эзэнд нь 750-2,000 еврогийн торгууль оноох ажээ.

Хураагдсан автомашиныг Украины талд эзлэн түрэмгийлэгчидтэй хийж буй тэмцэлд зориулахаар шилжүүлж өгөх гэнэ.

2024 оны хоёрдугаар сарын 14-нөөс хойш Орос дугаартай автомашинууд зөвхөн дамжин өнгөрөх зорилгоор Латвид нэвтрэх юм байна.

Гэхдээ ийм зөвшөөрлийг ганцхан удаа олгох ба дамжин өнгөрөх хугацаа нь 24 цагаас хэтрэх ёсгүй ажээ. Дамжин өнгөрөх хүсэлтээ цахим хэлбэрээр Латвийн засгийн газраас урьдчилж авах ёстой болжээ.

Украины дайнтай холбоотой Европын Холбооны эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд Латви улс ийм арга хэмжээ авч байгаа юм.

Өмнө нь Эстони, Литва, Финланд, Польш зэрэг ОХУ-тай хиллэдэг улсууд ижил арга хэмжээ авч байв. Сүүлд Европын Холбооны гишүүн биш ч Шенгений бүсэд багтдаг Норвеги улс, мөн ОХУ-тай шууд хил залгадаггүй Герман, Болгар улсууд бас энэ хоригт нэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Moscow Times