Галт уулын дэлбэрэлтийн үр дүнд Япон улс шинэ аралтай болжээ

timelive.mn 2023-11-9

 

Токио хотоос өмнө зүгт 1,200 км зайтай далайн усанд галт уулын дэлбэрэлтийн улмаас шинэ арал бий болсныг Японы судлаачид тогтоожээ.

100 орчим метрийн диаметртэй хадан арал Ивото арлаас нэг километрийн зайд бий болсныг агаараас илрүүлснээ Токиогийн Их сургуулийн газар хөдлөлт судлалын хүрээлэнгийн дэд профессор Фүкаши Маено мэдээлсэн байна.

Аравдугаар сарын 21-нд далайн усан дотор оршдог галт уул дэлбэрч эхэлсний үр дүнд уг арал уснаас түрэгдэж гарч ирсэн гэнэ. Хэрвээ дэлбэрэлт үргэлжилсээр байвал арлын хэмжээ цаашид нэмэгдэх магадлалтайг Маено тайлбарлажээ.

Далайн усан дотор байдаг энэ галт уул 2022 оны долоогоос арванхоёрдугаар сарын хооронд үргэлжлэн дэлбэрч байсныг Японы Цаг Уурын Хүрээлэн мэдээлсэн байна. Энэ оны зургаадугаар сард бас дэлбэрч байжээ.

Шинэ арлын ойролцоох Ивото арлыг өмнө нь Ивожима гэж нэрлэдэг байсан бөгөөд Огасаварагийн бүлэг арлын бүрэлдэхүүнд багтдаг юм.

 

Эх сурвалж: Kyodo News