Ливерпүүлийн тоглогчийн аавыг Колумбын партизанууд суллажээ

timelive.mn 2023-11-10

Английн Ливерпүүл хөл бөмбөгийн клубийн тоглогч Луйз Диазын аавыг Колумбын нэг зэвсэгт бүлэглэл барьцаалаад 13 хоногийн дараа суллажээ.

Үндэсний Чөлөөлөх Арми (ELN) хэмээх нэртэй зүүний үзэлт партизаны бүлэглэл хөл бөмбөгчний аав Луйз Мануэл Диазыг НҮБ болон Католик сүм хийдийн төлөөлөгчдөд хүлээлгэж өгснийг орон нутгийн хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн байна.

Түүнийг аравдугаар сарын 28-ны өдөр төрөлх Барранкас хотоос нь хулгайлж байжээ.

Тухайн үед хөл бөмбөгчний ээж бас хамт хулгайлагдсан ч хэдэн цагийн дараа суллан явуулсан юм.

Ноён Диаз эсэн мэнд, ямар нэг асуудалгүй буцаж ирснийг орон нутгийн албаныхан мэдээлжээ. Түүнийг армийн нисдэг тэргээр төрөлх хотод нь хүргэж, эрүүл мэндийн үзлэгт оруулсны дараа гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгсөн гэнэ.

зураг

Ливерпүүл клубийн менежэр Юрген Клоп тамирчных нь аав эсэн мэнд буцаж ирсэн мэдээг дуулаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

“Луйз Диазын аав эсэн мэнд буцаж ирснийг сонсоод маш их баярлаж, түүнийг суллахад оролцсон бүх хүмүүст талархаж байна” гэж клубийн албан ёсны сошиал хуудсанд бичжээ.

Колумб улсын ерөнхийлөгч Густаво Петро, Колумбын Хөл Бөмбөгийн Холбоо бас мэдэгдэл гаргаж, алдартай тамирчных нь аавыг суллахад оролцсон бүх талуудад баяр хүргэсэн байна.

Цагдаа нар эхэндээ Диазын аавыг гэмт хэргийн бүлэглэл хулгайлсан гэж сэжиглэж байжээ. Харин сүүлд засгийн газартай одоо энхийн яриа хэлэлцээ явуулж буй ELM партизаны бүлгийн нэг салбар хулгайлсныг олж тогтоосон байна.

ELN бол Колумбын алс бөглүү нутагт үйл ажиллагаа явуулж байсан партизаны бүлэглэлүүдээс одоо үлдээд буй хамгийн том нь юм.

2,500 орчим гишүүнтэй тус байгууллага 1964 оноос хойш Колумбын засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл явуулж байгаа бөгөөд Венесуэлийн хилийн ойролцоох бүс нутгийг хянадаг юм.

зураг

Үндэсний бахархал болсон тамирчны аавыг хулгайлсан явдал Колумбын ард иргэдийг нэлээд бухимдуулаад байв.

Ливерпүүл клубийн хөгжөөн дэмжигчид бас энэ асуудалд анхаарлаа хандуулж, тамирчнаа байнга дэмжиж байжээ. Ням гарагт Лутон Таун клубийн эсрэг болсон тоглолтод Диазыг гоол оруулахад тэд испани хэлээр “аавд эрх чөлөө” гэж бичсэн өмсгөлийг нь өргөн баяр хүргэж байлаа.

Энэ тоглолтын дараа 26 настай Диаз “Бидний түгшүүр секунд тутамд, минут тутамд нэмэгдэж байна” гэж хэвлэлд ярьж байжээ.

Эх сурвалж: BBC