Японы уран бүтээлч Хачико нохойн 100 насны ойг тохиолдуулан хөшөөнд нь зориулан унтлагын өрөө босгожээ

timelive.mn 2023-11-13

Эзэндээ үнэнчээрээ алдаршсан Хачико нохойн мэндэлсний 100 жилийн ойг япончууд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ ойн хүрээнд өчигдөр Токио хотын Шибуяа өртөөнд байдаг уг нохойн хөшөөнд зориулан унтлагын өрөө босгожээ.

9 метр хавтгай дөрвөлжин талбайтай унтлагын өрөөг нэг өдрийн хугацаатай босгож, Хачикод хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэхүү инсталляцыг контемпорари уран бүтээлч Тацү Нишино анх арван жилийн өмнө бодож олсон бөгөөд Хачикогийн 100 насны ойг тохиолдуулан нэг жил, хагасын өмнөөс санаагаа хэрэгжүүлж эхэлжээ.

63 настай Нишино “Хэзээ нэг өдөр Хачикогийн зочид буудал гэх илүү том бүтээл босгох бодолтой байна” гэж ярьсан байна.

Хачико нохой 1923 оны арваннэгдүгээр сард Акита мужийн Одате хотод төрсөн юм. Түүнийг гөлөг байхад нь Шибуяад амьдардаг их сургуулийн професор Хидесабуро Уэно авч байжээ.

Хачико нь Шибуяа өртөөн дээр ажлаасаа буцаж ирэх эзнээ 10 жил тасралтгүй хүлээснээрээ алдаршсан нохой юм. 1925 онд эзнийгээ нас барсны дараа ч тэр энэ зуршлаа хаяагүй бөгөөд 1935 онд үхэх хүртлээ үргэлжлүүлсэн байдаг.

2009 онд АНУ-д энэ түүхээс сэдэвлэн “Hachi: A Dog’s Tale” киног бүтээж, гол дүрд нь Холливүүдийн од Ричард Гир тоглосон юм.

Шибуяа өртөөнд байрладаг Хачикогийн хөшөөний анхны хувилбарыг 1934 онд босгосныг дэлхийн хоёрдугаар дайны үеэр буулгасан байна. Дараа нь 1948 онд хоёр дахь удаагаа босгож байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News