Францын цагдаа нар 600,000 еврогийн үнэ бүхий шампань дарсны хулгайг таслан зогсоожээ

timelive.mn 2023-11-13

Бямба гарагт Франц улсад 600,000 еврогийн үнэ бүхий шампань дарс тээвэрлэсэн хоёр ачааны автомашиныг хулгайлсан хэрэг гарчээ.

Хулгайч нар Баасангаас Бямбад шилжих шөнө хоёр автомашиныг Шампань мужийн төв Реймс хотын ойролцоо байрладаг компанийн эзэмшлээс авч зугтсан байна. Цагдаа нар тэдний байрлалыг Бямба гарагийн өглөө Парисын төвөөс 20 км зайтай хурдны зам дээрээс GPS төхөөрөмжийн тусламжтай илрүүлжээ.

Улмаар Реймс-Парис чиглэлийн A4 хурдны замын дагуу цагдаагийн хоёр автомашин хулгайчдын араас хөөсөн байна.

Хоёр ачааны автомашинд тус бүр 300,000 еврогийн үнэтэй Moët & Chandon брэндийн лонхтой дарснуудыг ачсан байжээ.

Цагдаагийн машинууд нэг ачааны машиныг нь шахаж, хурдыг нь сааруулах үеэр жолооч дагаж явсан хамсаатныхаа суудлын автомашинд үсэрч суугаад цааш зугтсан байна.

Хоёр дахь ачааны машин хурдны замаас гарч зогссоныг цагдаа нар сүүлд олоход жолооч нь бас зугтсан байжээ.

Лонхтой дарснууд бүрэн бүтэн олдсон бөгөөд хэргийг мөрдөн шалгаж эхэлснээ цагдаагийн албаны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC