АНУ-ын хоккейчин хүзүүгээ тэшүүрээр цавчуулж амиа алдсаны дараа Английн цагдаа хүн амины хэрэг үүсгэн шалгаж эхлэв

timelive.mn 2023-11-15

Аравдугаар сарын 28-ны өдөр Английн Шеффилд хотын Utilita Arena спорт цогцолборт болсон мөсний хоккейн лигийн тэмцээний үеэр Ноттингэм Пантерс багт тоглож байсан АНУ-ын тамирчин Адам Жонсон хүзүүгээ тэшүүрээр цавчуулсны улмаас амиа алдсан юм.

Тухайн үед Ноттингэм Пантерсын эсрэг тоглосон Шеффилд Стилерс багийн тамирчин Мэтт Петгрэйв өөр нэг тоглогчтой мөргөлдөж унахдаа зүүн хөлийн тэшүүрээрээ Жонсоны хүзүүг цохисон нь дэлхийн хоккейн ертөнцийг цочроосон эмгэнэлтэй осолд хүргэжээ.

Өмсгөл нь цусанд хутгалдсан Жонсоныг даруй эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас барсан байна.

зураг

Тэгвэл энэ ослын мөрөөр Английн цагдаагийн байгууллага хүн амины хэрэг үүсгэж, Мягмар гарагт нэг сэжигтнийг баривчилжээ.

Хэргийг шалгаж байгаа Өмнөд Йоркширийн Цагдаагийн газар сэжигтний нэр, нас зэрэг мэдээллийг одоогоор нууцалж байна.

“Бид энэхүү эмгэнэлт явдлын дараа мөрдөн байцаалтыг шууд эхлүүлсэн. Урьд өмнө тохиолдож байгаагүй ийм хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд бид өргөн хүрээнд шалгаж байна” гэж мөрдөгчдийн ахлагч Бэкс Хорсфол ярьжээ.

Гэхдээ ийм үйлдлээр хүний амь санаатай хөнөөсөн тохиолдол өмнө нь нэг удаа гарч, хоккейн тамирчин шийтгүүлж байсан юм байна.

1992 оны нэгдүгээр сарын 14-нд Жасинто “Жим” Бони гэдэг тамирчин Италид болсон тоглолтын үеэр Миран Шротын цээжийг тэшүүрээр цавчин амийг нь хөнөөснөө хүлээн зөвшөөрч, шийтгүүлж байжээ.

Сүүлийн жилүүдэд гарсан хэргүүд гэвэл NHL-ийн тамирчид болох Марти Макскорли, Тодд Бертуци нар мөсөн талбай дээр гэмт хэрэг үйлдэн Канадын хуулиар шийтгүүлж байсан байна.

Миннесота мужийн уугуул 29 настай Жонсон нь NHL-ийн 2018-2019, 2019-2020 улирлын тэмцээнүүдэд Питтсбург Пингвинз багийн бүрэлдэхүүнд  13 удаа тоглож байжээ.

“Elite League”-ийг зохион байгуулдаг Английн Мөсний Хоккейн Холбоо энэхүү эмгэнэлт явдлын дараа 2024 оноос эхлэн бүх тамирчдыг хүзүүний хамгаалалттай тоглуулах шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: Associated Press