БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин өнөөдөр АНУ-д болох APEC (Asia Pacific Economic Cooperation) байгууллагын жил тутмын дээд хэмжээний чуулганд оролцохоор хүрэлцэн очиж байна.
Тэрбээр хамгийн сүүлд 2017 онд АНУ-ын нутаг дэвсгэрт хөл тавьж байсан юм.
Ши Жиньпин орон нутгийн цагаар Лхагва гарагийн өглөө Сан-Франциско хотод ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөжээ.
Энэ уулзалтаар хоёр улсын дундах маргаан зөрчлийг намжаах тодорхой алхмууд хийгдэх хүлээлттэй байна.
Талууд хоёр ерөнхийлөгчийн уулзалтад эртнээс бэлдэж, янз бүрийн түвшинд олон удаагийн яриа хэлэлцээ зохион байгуулсан юм.
Хятад улстай харилцаагаа сайжруулах нь Ши Жиньпинтэй хийх уулзалтын гол зорилго болохыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өмнө нь мэдэгдээд байгаа.
Хоёр их гүрний хоорондын харилцаа холбоо, тэр дундаа цэрэг армийн харилцаа холбоог хэвийн болгох зорилготой байгаагаа тэр онцолсон юм.
Байден, Ши Жиньпин нар бас Хамас-Израилийн Газын зурвас дахь мөргөлдөөн, Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг дайнд Украиныг дэмжиж буй АНУ-ын хүчин чармайлтын талаар ярилцах тухай Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээлжээ.
Үүнээс гадна Хятад улсын шоронд хоригдож буй АНУ-ын иргэдийг шилжүүлж авах асуудлыг уулзалтын үеэр хөндөхийг Ардчилсан Намын сенатор Бэн Кардин ерөнхийлөгчдөө уриалсан юм. Түүний уриалгад нам нэгтнүүдээс нь гадна Бүгд Найрамдах Намын хууль тогтоогчид бас нэгджээ. АНУ-ын иргэн Марк Свидан, Кай Ли, Дэвид Лин нарыг хуулийн үндэслэлгүй баривчлагдаж, хоригдсон гэж Вашингтон албан ёсоор үздэг юм.
“Баяр амралтын улирал ойртож, шинэ оныг АНУ-Хятадын харилцаанд илүү эерэг байдлаар эхлүүлэх боломж гарч буй энэ үед Ши ерөнхийлөгчөөс эдгээр америкчуудыг нэн даруй суллах амлалт авахыг би танаас хүсэж байна” гэж сенатор Кардин уриалгадаа өгүүлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаа байх төлөвтэй байна.
Байден өмнө нь хэлэхдээ АНУ-ын эдийн засгийг Хятадаас салган тусгаарлах биш, харин эдийн засгийн харилцаагаа шинэчлэн сайжруулах хүсэлтэйгээ илэрхийлсэн юм.
Эдгээрээс гадна Тайвань, Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан, Хонконг, Төвөд, Шинжаан дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар уулзалтын үеэр хөндөх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters
0 cэтгэгдэлтэй