Ням гарагт Аргентин улсад болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд либертари үзэлтэй эдийн засагч Хавьер Милей ялсан нь тус улсын улс төрийн амьдралд төдийгүй олон улсын харилцаанд нөлөөлж байна.
Тухайлбал Аргентин улс BRICS байгууллагад элсэхгүйг Милейн гадаад бодлогын зөвлөх Диана Мондино өчигдөр Оросын Спутник агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
“Бид гишүүнээр элсэхийн ач холбогдлыг олж харахгүй байна. Аргентин улс үүнээс юу олж хүртэхийг ойлгохгүй байна. Яваандаа давуу тал харагдвал бид бодож үзэх болно” гэж тэр ярьсан байна.
BRICS нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсуудын үүсгэн байгуулсан хөгжиж буй орнуудын эвсэл юм.
Өнгөрсөн наймдугаар сард Өмнөд Африкт болсон энэ байгууллагын жил тутмын дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн хэд хэдэн улсыг элсүүлэхээр нэр дэвшигчийн статус олгож байв.
Тэдгээрийн дотор дэлхийн бөмбөрцгийн баруун хагасаас ганцхан Аргентин улс байсан юм.
Нэр дэвшигчдийг 2024 оны нэгдүгээр сард гишүүнээр батлах төлөвлөгөөтэй байгаа.
Харин Милей сонгуулийн кампанит ажлынхаа үеэр уг үйл явцыг зогсоохоо амлаж байлаа.
Хэт барууны үзэлтэй Милей нь сонгуулийн турш “коммунист улсуудтай хамтран ажиллахгүй”, “дэлхийн соёлжиж иргэншсэн хэсэгтэй харилцаагаа бэхжүүлэхийн тулд Хятадтай хамтрахаа зогсооно” гэх зэргээр ярьж байсан юм.
Гэхдээ сонгуулийн сүүлийн шатанд тэр энэхүү эрс шийдэмгий байр сууриа сулруулж, хэлэх үгээ цэнэх болсон байна.
Ажиглагчдын үзэж байгаагаар Аргентин улсыг эдийн засгийн гүн хямралаас гарахад Хятад улсын ач холбогдлыг дутуу үнэлэх аргагүй гэнэ.
Хятад улс нь Аргентины хувьд Бразилын дараа орох худалдааны хоёр дахь том түнш юм. Мондино энэ сарын эхээр болсон нэг арга хэмжээнд оролцох үеэрээ Милей сонгуульд ялсан тохиолдолд Буэнос-Айрес, Бээжингийн харилцаа хэвийн үргэлжлэхийг амлаж байв.
Эх сурвалж: South China Morning Post
0 cэтгэгдэлтэй