Оросын армийн Украинд амссан хүн хүчний хохирол дээд хэмжээндээ хүрсэн гэж Британийн тагнуулын алба дүгнэжээ

timelive.mn 2023-11-28

Украины дайны нөхцөл байдлын талаар Их Британийн тагнуулын албаны ээлжит тайлан өчигдөр буюу Даваа гарагт нийтлэгджээ.

Уг тайланд Оросын армийн хүн хүчний хохирол энэ дайны нийт хугацааны хамгийн дээд хэмжээнд хүрсэн байж болзошгүй гэж дүгнэсэн байна.

Тухайлбал энэ сарын турш өдөрт дунджаар 931 цэрэг амь үрэгдэж, шархадсан нь Украины дайны 20 гаруй сарын хугацааны хамгийн өндөр түвшин гэнэ.

Өмнөх дээд үзүүлэлт нь энэ оны гуравдугаар сард Бахмут орчимд өдрийн дундаж хохирол 776 хүрч байсан гэжээ.

“Сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд Оросын армийн амссан хохирлын хэмжээ энэ дайны хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байх магадлалтай” гэж Британийн батлан хамгаалах яам тагнуулын албаныхаа үнэлгээнд үндэслэн мэдээлсэн байна.

Тоо баримтыг Украины зэвсэгт хүчний жанжин штабаас авсан бөгөөд үүнийг “бодитой” гэж үзэж байгаагаа бас мэдэгджээ.

Оросын арми ихэнх хохирлоо дорнод Украины Авдеевка хотын дэргэдэх тулаанд амссан гэж дүгнэсэн байна.

Сүүлийн саруудад Оросын тал стратегийн ач холбогдолтой энэхүү жижиг хотыг эзлэхээр асар их хүч хаяж байгаа.

Оросын арми энд их хохирол амссан нь Авдеевка хотыг бүслэхийн тулд Зөвлөлтийн үеийн “сонгодог байлдааны тактик” хэрэглэж буйтай холбоотой гэж АНУ-ын чөлөөнд гарсан тэнгисийн хүчний хурандаа, Олон Улсын Стратеги Судалгааны Төвийн ахлах зөвлөх Марк Кансиан тайлбарлажээ.

Дайснаа гурван талаас нь бүслэх энэ тактикийг Оросууд өмнө нь Бахмутад олон удаа ашиглаж байсан гэнэ.

ISW (Institute for the Study of War) хүрээлэнгийн шинжээч Жорж Баррос дээрхтэй ижил төстэй дүгнэлт хийсэн байна.

Хэдийгээр ийм их хүн хүч золиосолж байгаа ч Оросын армийн давшилт үр дүн муутай, одоогоор Авдеевка хотоос 6.5 км орчим зайнд байгааг ISW хүрээлэн Ням гарагт нийтлэгдсэн тайландаа дүгнэжээ.

 

Эх сурвалж: Business Insider