ДУБАЙ, 2023 оны арванхоёрдугаар сарын 4. /RIA Novosti/. Дэлхийн банк (ДБ) уур амьсгалтай холбоотой төслүүдийг хэрэгжүүлэхэд жил бүр олгодог санхүүжилтийнхээ хувийг 35-аас 45 хувь болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг тус банкны тэргүүн Ажай Банга уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд (COP28) үг хэлэхдээ мэдэгдэв.
“Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Дэлхийн банк 2025 оноос эхлэн санхүүжилтийнхээ 45 хувийг уур амьсгалтай холбоотой төслүүдэд зарцуулах томоохон зорилт тавьж байна. Бид амбицаа нэмэгдүүлж, эдгээр зорилгод зориулж жилд 40 гаруй тэрбум доллар хуваарилах бөгөөд энэ нь өмнө нь төлөвлөж байснаас 9 тэрбум доллароор их юм” гэж тэрбээр хэлсэн байна.
Тус банк 2025 он гэхэд жилийн санхүүжилтийнхээ дунджаар 35 хувийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой төслүүдэд зориулах зорилтыг 2021 онд тавьсан бөгөөд 2022 оны 7 дугаар сараас эхлэн энэ үзүүлэлт дунджаар 36.3 хувьд хүрчээ. Дэлхийн банкны төслүүд нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, түүнд хамгийн их өртөж буй хүмүүсийн дасан зохицох чадварыг дээшлүүлэхэд, мөн хүн төрөлхтний болоод гараг дэлхийн эрүүл мэндийг хамгаалахын тулд экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэнэ гэж тус банкны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
0 cэтгэгдэлтэй