Оросын зэвсгийн технологийг Хятад улсад нийлүүлэх боломжтойг Путин хэлжээ

timelive.mn 2023-12-8

ВТБ банкнаас зохион байгуулсан “Россия зовет!” чуулганд оролцохдоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын зэвсгийн технологийг Хятад улсад нийлүүлэхэд бэлэн байгааг мэдэгджээ.

“БНХАУ-ын хувьд бид бүх талаар хамтран ажиллахад бэлэн, үүнд ямар нэг хязгаарлалт байхгүй. Зэр зэвсгийн технологид ч энэ хамаатай” гэж Путин хэлснийг Интерфакс агентлаг дамжуулсан байна.

Тэрбээр бас Орос-Хятадын хамтын ажиллагаа нь зүгээр нэг “худалдах, худалдан авах” биш, “дэлхийн дэг журмын ирээдүйг” тодорхойлоход чиглэж буйг энэ үеэр тайлбарлажээ.

Эндээс харвал Оросын хувьд амин чухал болоод буй хий дамжуулах хоолойн “Сибирийн Хүч 2” төслөө урагшлуулахын тулд Путин зэвсгийн технологио Хятадын талд санал болгож байж болзошгүй байна.

Өнгөрсөн сарын сүүлээр Бээжингийн эрх баригчид уг төсөлд татгалзсан хариу өгсөн тухай мэдээ Хятадын хэвлэлд нийтлэгдсэн юм.

Хоолойн бүтээн байгуулалтын олон тэрбумын зардлыг Орос улс бүрэн хариуцах, нийлүүлэх байгалийн хийн үнэ тарифт томоохон хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг Хятадын тал тавьсан тухай эх сурвалж мэдээлж байв.

Украины дайнаас өмнө жилд 150 тэрбум шоо метр хий хэрэглэдэг байсан Европын зах зээлээ алдсан нь Путиний хувьд том бэрхшээл болоод байгаа. Үүний улмаас Газпром компани хийн олборлолтоо дөрөвний нэг орчмоор багасгахаас өөр аргагүй болсон нь тус компанийн түүхэнд байгаагүй өндөр хязгаарлалт юм.

 

Эх сурвалж: The Moscow Times