Оросын арми энэ оны сүүлээр Украинд хагас сая цэргээ алдах тооцоог Британийн тагнуулын алба гаргажээ

timelive.mn 2024-01-8

Украинд байлдаж буй Оросын армийн хохирол энэ оны сүүлээр 500,000-д хүрэх тооцоог Их Британийн тагнуулын алба өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргасан тайландаа мэдээлжээ.

Өнгөрсөн оны турш өдөрт дунджаар бараг 300 цэргээ алдаж байсныг тайланд дурдсан байна.

Үүний ихэнх нь Донецк мужийн Авдеевка хэмээх жижиг хотын төлөө Оросын армийн явуулж буй тулаанд үрэгдсэн гэж мэдээлжээ.

Британийн батлан хамгаалах яам Украины албаны эх сурвалжаас авсан тоо баримт дээр суурилсан энэ мэдээллийг “үндэслэлтэй” гэж дүгнэсэн байна.

2022 оны есдүгээр сард явуулсан цэргийн дайчилгаа Оросын армийг “тоо өндөр ч чанар муу” бие бүрэлдэхүүнтэй болгосон гэж дээрх тайланд дурджээ.

Өрнөдийн шинжээчид Оросын эрх баригчдыг Украины дайнд “хүн давлагаа” тактик хэрэглэж, муу бэлтгэгдсэн олон тооны цэргээр довтолж, тэднийг золиосолж байгаа гэж үздэг.

Тухайлбал саяхан зүүн фронтын нэг хэсэгт Оросын цэргүүд “амиа золиослогч” хэлбэрийн довтолгоог олон удаа давтаж, Украины тал долоон удаа эдгээр довтолгоог няцаасан баримтыг дурджээ.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби энэ тактик нь “Орос улс Путиний зорилгыг биелүүлэхийн тулд цэргүүдийнхээ амь насыг үл тоомсорлож, тэднийг санаатай золиосолж байгааг харуулж байна” гэж хэлсэн юм.

Орос улс энэ сулралын дараа “өндөр бэлтгэлтэй, чанартай” армитай болоход 5-10 жилийн хугацаа шаардлагатай гэж Британийн батлан хамгаалах яам дүгнэжээ.

ОХУ-ын эрх баригчид Украины дайны хохирлын хэмжээг албан ёсоор зарлахгүй байгаа. АНУ-ын тагнуулын албад Оросын армийн нийт 315,000 цэрэг алагдаж, шархадсан нь дайн эхлэх үед Украины нутагт нэвтэрсэн хүн хүчний 90 хувьтай тэнцэж буйг мэдээлж байв.

 

Эх сурвалж: Business Insider