Киевт айлчилсан Японы гадаад хэргийн сайд Украиныг тууштай дэмжихээ мэдэгдэв

timelive.mn 2024-01-8

Япон улсын гадаад хэргийн сайд Ёко Камикава өчигдөр буюу Ням гарагт Украины нийслэл Киев хотод урьдчилан зарлалгүйгээр айлчилжээ.

Япон улс нь Оросын эсрэг Өрнөдийн хориг арга хэмжээнд нэгдэж, Украинд зэр зэвсэг нийлүүлж байгаа. 2024 оны анхны гадаад айлчлалынхаа үеэр Камикава сайд тус улсын засгийн газар Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг тууштай дэмжихийг батлан илэрхийлжээ.

“Япон улс Украинд тайван цаг ирэх хүртэл тууштай тусалж дэмжих болно. Энд нөхцөл байдал хүнд байгаа нь надад мэдрэгдэж байна” гэж бөмбөгдөлтөөс хоргодох байранд болсон хэвлэлийн хурлын үеэр Камикава хэлсэн юм.

Японы эрх баригчид дрон илрүүлэгч системийг Украинд нийлүүлэх зорилгоор $37 саяын тусламж үзүүлэх болсныг энэ үеэр тэр мэдэгджээ.

Мөн Украины ард иргэдэд өвлийн улирлыг давж гарахад нь зориулан таван ширхэг цахилгаан эрчим хүчний үүсгүүрийг илгээх болсныг мэдээлсэн байна.

Дараа нь Камикава сайд 2022 онд Оросын цэргүүдийн хядлага үйлдсэн Буча тосгон, ширүүн тулааны талбар болж байсан Ирпин хотод зочилжээ.

зураг

Япон улсын гадаад хэргийн сайд Баасан гарагт Польш, Финланд, Швед, Нидерланд, АНУ, Канад, Герман, Турк улсуудаар хийх хоёр долоо хоногийн айлчлалаа эхэлсэн юм. Энэ айлчлалынхаа дундуур тэр Украинд ийнхүү саатсан байна.

Камикава бас хоёрдугаар сарын 19-ний өдөр Токиод зохион байгуулагдах Украины эдийн засгийг сэргээн босгох асуудлаарх олон улсын чуулганы бэлтгэл ажлыг Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулебатай ярилцжээ.

Камикаваг хүлээж авч уулзсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский шинэ оны эхний өдөр Японд газар хөдөлсөнд эмгэнэл илэрхийлж, 2023 онд Хирошима хотод болсон Их Долоогийн чуулганы үеэр Украины гадаад харилцааг дээшлүүлэхэд тусалсан ерөнхий сайд Фүмио Кишидад талархал илэрхийлсэн байна.

Өнгөрсөн сард Японы эрх баригчид зэвсгийн экспортын бодлогоо шинэчилж, Patriot агаараас хамгаалах системийг АНУ-д экспортлох шийдвэр гаргасан юм.

Энэ шийдвэр нь АНУ-аас Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг нэмэгдүүлэхэд нөлөөтэй гэж ажиглагчид үзэж байгаа.

Эх сурвалж: AFP