Аравдугаар сарын 7-ны халдлага “зайлшгүй шаардлагатай” байсныг Хамас анхны тайландаа тайлбарлав

timelive.mn 2024-01-22

Палестины Хамас зэвсэгт байгууллага өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр Израилийн нутаг дэвсгэрт зэвсэглэн халдсан шалтгаанаа анх удаа тайлбарлажээ.

Ням гарагт тус байгууллагаас энэхүү халдлагатай холбоотой 16 хуудас тайланг англи, араб хэл дээр гаргасан нь Хамас-Израилийн дайн эхэлснээс хойших анхны ийм баримт бичиг болсон байна.

Тэд уг халдлагыг Палестины нутаг дэвсгэрийг Израилийн эзлэн түрэмгийллээс хамгаалах “зайлшгүй шаардлагатай” алхам байсан гэж зөвтгөжээ.

Мөн гэнэтийн халдлагын үеэр Израилийн аюулаас хамгаалах систем хурдтай нуран унаж, хил орчмын нутаг дэвсгэрт эмх замбараагүй байдал үүссэн тухай бичсэн байна. Тухайлбал Израилийн зэвсэгт хүчин санамсаргүй тохиолдлоор өөрийн иргэдийн амийг хөнөөж, алдаа гаргасныг бичжээ.

“Хэрвээ энгийн иргэдийн амийг хөнөөсөн тохиолдол гарсан бол энэ нь эзлэн түрэмгийлэгч хүчнийхэнтэй мөргөлдөх үеэр санамсаргүй байдлаар гарсан. Олон израиль хүн Израилийн арми, цагдаагийн хүчний гарт, санамсаргүй алдааны улмаас алагдсан” гэж уг тайланд тайлбарласан байна.

Жүүдүүдийн үндэсний баярын дараа аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын олон зуун гишүүн Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэрт газар, агаар, усан замаар довтолсон билээ.

Үүний улмаас Израилийн талд 1,140 хүн алагдсаны ихэнх нь энгийн иргэн байсан гэх албаны тоо баримт бий.

Тухайлбал амь үрэгдэгсдийн дунд Израилийн 700 орчим энгийн иргэн, гадаадын 76 иргэн байжээ.

Энэ халдлагын үеэр Хамасын зэвсэгт этгээдүүд 250 орчим хүнийг барьцаалсны 132 нь одоо болтол Газын зурваст хоригдож байгаа гэж Израилийн албаныхан үздэг. Эдгээрийн 27 нь алагдсан байх өндөр магадлалтай байгаа юм.

Халдлагын хариуд Израилийн арми Газын зурваст өргөн хүрээний байлдааны ажиллагаа эхлүүлсний улмаас 25,105 орчим палестин хүн алагдаад байна.

Тэдгээрийн ихэнх нь хүүхдүүд, эмэгтэйчүүд байсныг Палестины тал баталж байгаа.

Аравдугаар сарын 7-ны халдлагын үеэр Хамасын гишүүд хүчингийн хэрэг олныг үйлдэж, хүүхэд болон үхсэн хүмүүсийн цогцостой бэлгийн харилцаанд орж байсан тухай баримтыг Израилийн тал үзүүлдэг.

Өчигдрийн тайландаа Хамасын тал үүнийг эрс няцааж, өөрсдийг нь муухай харагдуулахын тулд Израилийн албаныхны тараасан зохиомол зүйл гэж тайлбарлажээ.

Мөн тайланд Газын зурваст явуулж буй палестин хүмүүсийн эсрэг  геноцид, гэмт үйлдлээ зогсоохыг Израилийн талд уриалсан байна.

Үүнээс гадна Газын зурвасыг ирээдүйг шийдэх олон улсын болон Израилийн талын гаргасан санал санаачилгыг хүлээж авахгүйгээ Хамас мэдэгджээ.

“Палестины ард түмэнд өөрийн ирээдүйн хувь заяа, дотоод үйл хэргээ шийдэх хангалттай нөөц бий гэж бид үзэж байна. Тэдний хувь заяаг өмнөөс нь шийдэх эрхтэй этгээд энэ дэлхийд байхгүй” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.

Сөргөлдөөн зөвхөн аравдугаар сарын 7-ны өдөр эхлээгүй, Британийн колоничлолд байсан 30 жил, Сионист дэглэмийн эзлэн түрэмгийлэлд байсан 75 жил, нийтдээ 105 жилийн өмнөөс эхлэлтэйг Хамас тайландаа дурджээ.

 

Эх сурвалж: AFP