ОХУ-ын ерөнхийлөгчийг “халуун дотноор хүлээж авахад бэлэн” байгаагаа Умард Солонгос мэдэгдэв

timelive.mn 2024-01-22

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ойрын үед Пёньянд айлчлан очих хүслээ илэрхийлсэн бөгөөд Солонгосын ард түмэн хамгийн дотнын анд нөхрөө чин сэтгэлээсээ угтаж авахад бэлэн байгаа тухай Умард Солонгосын засгийн газар Ням гарагт мэдэгджээ.

Умард Солонгосын гадаад хэргийн сайд Москвагаас буцаж ирснээс хойш хоёр хоногийн дараа ийм мэдэгдэл гаргасан байна.

“Төрийн Зөвлөлийн ерөнхийлөгч Ким Жон Уны урилгыг аваад гүнээ талархаж буйг дахин илэрхийлсэн ерөнхийлөгч Путин ойрын үед БНАСАУ-д айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ” гэж Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Москвад айлчилсан Умард Солонгосын гадаад хэргийн сайд Чой Сон Хуй гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсанаас гадна ерөнхийлөгч Путинд бараалхсан юм.

“БНАСАУ-ын засгийн газар Пёньянд айлчлан ирэх Солонгосын ард түмний хамгийн сайн анд нөхөр ерөнхийлөгч Путинийг хамгийн халуун дотноор хүлээн авахад бэлэн байна” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.

Путин хамгийн сүүлд 2000 оны долдугаар сард Умард Солонгост айлчилж байсан юм.

 

Эх сурвалж: Yonhap News