Оросын шингэрүүлсэн хийн хамгийн том үйлдвэрлэгч Новатек компанийн терминал Украины агаарын цохилтод өртжээ

timelive.mn 2024-01-22

Оросын шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том үйлдвэрлэгч Новатек компанийн Балтийн тэнгис дэх терминал өчигдөр Украины агаарын цохилтын улмаас галд автаж, шатсан байна.

Санкт-Петербург хотоос баруун зүгт 170 км зайтай Финландын буланд оршдог Усть-Лугагийн энэ байгууламж нь байгалийн хийг шингэрүүлэн боловсруулах замаар хөнгөн ба хүнд нафта, нисэх онгоцны түлш, мазут үйлдвэрлэн гадаад зах зээлд гаргадаг юм байна.

Терминалд гарсан галыг Украины талаас явуулсан дроны довтолгооны үр дүн гэж Интерфакс-Украин агентлаг мэдээлжээ.

“Ленинград муж дахь Усть-Лугагийн терминал бол дайсны чухал байгууламж юм. Энд боловсруулсан түлшийг Оросын армид нийлүүлдэг. Терминалд амжилттай довтолсноор дайсанд зөвхөн эдийн засгийн хохирол учруулдаг зогсохгүй Оросын армийн түлш шатахууны хангамжид ноцтой тасалдал учруулж байна” гэж Украины албаны эх сурвалж тус агентлагт ярьсан байна.

Довтолгооны үеэр хүний амь нас эрстээгүй, бүх ажилчдыг нүүлгэн шилжүүлснийг Ленинград мужийн захирагч Александр Дрозденко сошиал хуудсаараа мэдээлжээ.

Шатахуун хадгалах хоёр сав, нэг шахагч станц довтолгооны улмаас гэмтсэн тухай Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

“Гаднын нөлөөтэй” гал түймрийн улмаас Усть-Луга дахь зарим үйл ажиллагаагаа зогсоосныг Новатек компани мэдэгджээ.

“Новатек Усть-Луга дахь технологийн үйл ажиллагааг зогсоож, халдлагын хор хохирлыг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Хохирлын хэмжээг үнэлэх ажлыг дараа нь зохион байгуулна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Байгууламжийн ойролцоо дроны нисэх чимээ сонсогдсоны дараа дараалсан дэлбэрэлтүүд болсон тухай орон нутгийн иргэд Оросын хэвлэлд ярьжээ.

Бараг хоёр жилийн өмнө эхэлсэн дайны турш Орос, Украины талууд харилцан нэгнийхээ эрчим хүчний дэд бүтцүүдэд халдан довтолж байгаа.

Баасан гарагт Украинтай хил залгадаг Оросын баруун бүс нутаг Брянск дахь газрын тосны нөөцийн байгууламж нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн юм. Өмнөх өдөр нь Балтийн тэнгисийн бас нэг газрын тосны терминал халдлагад өртсөн ч Оросын тал халдлагыг таслан зогсоосноо мэдэгдэж байв.

Өчигдрийн агаарын довтолгооны дараа Ленинград мужид аюулгүй байдлын онцгой дэглэм тогтоож, холбогдох албан тушаалтнууд шуурхай хуралдсан тухай Дрозденко мэдээлжээ.

Новатек компани Усть-Лугагийн терминалд 2023 оны эхний хагаст 3.4 сая тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэсэн нь жилийн өмнөх үеэс 0.6 хувиар өссөн үзүүлэлт болсон гэх сүүлийн үеийн тоо баримт байна.

 

Эх сурвалж: Reuters