Өмнөд Солонгост парламентын гишүүдийнхээ тоог цөөрүүлж, цалинг нь бууруулах тухай ярьж байна

timelive.mn 2024-02-2

Өмнөд Солонгосын эрх баригч Ард Түмний Хүч намын удирдлага тус улсын хууль тогтоох байгууллагад шинэчлэл нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр мэдэгджээ.

Өчигдөр намынхаа өндөр албан тушаалтнуудтай уулзсан даргын үүрэг гүйцэтгэгч Хан Дон Хун парламентын гишүүдийн цалингийн хэмжээг иргэдийн голч цалингийн хэмжээтэй уялдуулан бууруулах цаг болсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

“Хууль тогтоогчид бол төрийн өндөр албан тушаалтнууд биш, ард түмний төлөөлөл. Тэд төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг тул хүмүүсийн дундаж орлогын түвшинд цалинжих нь утга учиртай гэж би үзэж байна” гэж Хан Дон Хун энэ үеэр ярьжээ.

2018 онд RnSearch байгууллагын явуулсан судалгаанд оролцсон иргэдийн 73.1 хувь нь парламентын гишүүдийг хэт өндөр цалинтай гэж үзэж байсан юм. Харин 17.17 хувь нь үүнтэй санал нийлэхгүй байжээ.

Одоо Өмнөд Солонгосын парламентын гишүүд жилийн 150 сая гаруй вон буюу сарын 13 сая воны ($9,000) цалинтай байдаг.

Үүнд туслахууд, оффис, хоол, томилолт, унааны зардлууд ордоггүй юм.

Солонгосын статистикийн байгууллагын тоо баримтаас үзвэл 2023 онд тус улсын нэг ам бүлтэй өрхийн сарын дундаж орлого 2.07 сая вон ($1,560), дөрвөн ам бүлтэй өрхийн сарын дундаж орлого 5.4 сая вон байжээ.

“Улс төрчид төрийн албанд зүтгэхээсээ илүү ард түмэнд үйлчлэхийн тулд ажилладаг гэж ярьдаг. Харин сонгогчдын ихэнх нь үүнийг өөрөөр харж байна. Олон хүмүүс улс төрийн албан тушаалыг өндөр цалин хангамж, давуу эрх гэж харсаар байгаа юм. Маш олон хүн энэ байдлыг өөрчлөхийг дэмжиж байгаа тул эрх баригч намын албан ёсны амлалт болно гэдэгт би найдаж байна” гэж Конкукын Их сургуулийн улс төр судлалын профессор И Хюн Чул ярьж байна.

Өмнөд Солонгосын иргэдийн дунд хууль тогтоогчдын хэт өндөр цалин хангамжийн асуудал байнга яригддаг ч парламентын намууд энэ тал дээр зоригтой шийдвэр гаргаж чадалгүй өнөөг хүрсэн юм.

Эрх баригч намын даргын үүрэг гүйцэтгэгч Хан Дон Хун энэ чиглэлд санаачилга гаргаж магадгүй байгаа. Өнгөрсөн сард тэр парламентын гишүүдийн тоог одоогийн 300-аас 250 хүртэл бууруулах хуулийн төсөл өргөн барихаа амлаж байв.

 

Эх сурвалж: Korea Times