Флоридагийн Үндэсний гвардийн цэргүүдийг Техас руу илгээнэ

timelive.mn 2024-02-2

ТАЛЛАХАСИ, 2024 оны хоёрдугаар сарын 2 /FoxNews/. Мексиктэй залгаа хилийн бүсэд үүсээд буй хямралыг зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Үндэсний гвардийн мянга орчим цэргийг Техас руу илгээхээр шийдвэрлэснээ Флорида муж улсын захирагч Рон Десантис мэдэгджээ.

Мөн Үндэсний гвардийн сайн дурынхныг Техас руу илгээнэ. Тус бүтцийг Р.Десантис байгуулсан бөгөөд анх удаа өөр муж улс руу дайчлагдаж байгаа нь энэ юм. Р.Десантисын хэлснээр, Техас руу илгээх Үндэсний гвардийн цэргүүд хил хамгаалалтыг бэхжүүлж, нэмэлт хаалт барина. Үндэсний гвардийн хэвлэлийн төлөөлөгч FoxNews сувагт мэдээлэл өгөхдөө, 100 цэргийг удахгүй Техас руу илгээнэ гэжээ.

Цагаачидтай холбоотой нөхцөл байдал улам дордсон тул Техас муж улсын эрх баригчид 2023 оны сүүлчээр хилийн дагуу хэд хэдэн эгнээ өргөст торыг суурилуулсан байна. Харин Дээд шүүхээс өргөст торыг буулгахыг даалгаснаар хилийн цэргүүд утсыг тасалсан боловч Техасын Үндэсний гвардийнхан хилийн цэргүүдийг нэвтрэхийг зөвшөөрөөгүй ажээ. Оклахомагийн эрх баригчид мөн Үндэсний гвардийн цэргээ Техас руу илгээхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрт нь шаардлагатай эрх мэдлийг олгох хуулийг Конгресс баталмагц цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд тус улсын өмнөд нутгийн хилийг хаана гэдгээ нэгдүгээр сарын 27-нд мэдэгдсэн юм.