АНУ-ын явуулсан дроны цохилтын үеэр Багдад хотод Ираны холбоотон зэвсэгт бүлэглэлийн толгойлогч алагджээ

timelive.mn 2024-02-8

Ираны дэмжлэгтэйгээр Ирак улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Катеб Хезболла зэвсэгт бүлгийн толгойлогч өчигдөр Багдад хотод нисгэгчгүй онгоцны цохилтод амиа алдсаныг АНУ-ын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Уг бүлэг өнгөрсөн сард Йорданы нутаг дахь АНУ-ын цэргийн баазад халдсан гэж Пентагон үзэж байсан юм.

“АНУ-ын цэргийн алба хаагчид руу халдсаны хариуд Иракийн нутаг дэвсгэрт нэг талын цохилт өгснөөр бүс нутаг дахь АНУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд халдах ажиллагааг шууд төлөвлөж, хэрэгжүүлэх үүрэгтэй Катеб Хезболла бүлгийн командлагчийг устгалаа” гэж Пентагон мэдэгджээ.

Цохилтын үеэр энгийн номхон иргэд хохирсон шинж тэмдэг илрээгүйг мэдэгдэлдээ дурдсан байна.

Пентагоны мэдэгдэлд устгасан командлагчийн нэрийг дурдаагүй юм. Харин бусад эх сурвалжуудын мэдээлснээр тэр нь Абу Бакир аль-Саади гэгч байжээ.

Багдад хотын зүүн дүүрэгт зорчиж явсан суудлын автомашин дроны цохилтын бай болсон байна. Уг автомашинд гурван хүн зорчиж байсан гэнэ.

Тэд бүгд PMF (Popular Mobilization Forces) гэх Ираны дэглэмтэй холбоотой Иракийн зэвсэгт хүчний хүмүүс байжээ. Катеб Хезболла бүлэг уг байгууллагын бүрэлдэхүүнд ордог байна.

Нэгдүгээр сард Йордан улсын хойд хилийн ойролцоох АНУ-ын бааз дроны халдлагад өртөхөд гурван алба хаагч алагдаж, 40 орчим хүн шархдаж байсан юм. Халдлагын газраас Катеб Хезболлатай холбоотой баримт илрүүлснээ Пентагон мэдээлж байв.

Газын зурваст дөрвөн сар орчмын өмнө Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш Ойрх Дорнод дахь АНУ-ын баазуудыг чиглэсэн зэвсэгт халдлага эрчимжсэн. Гэхдээ Йорданы халдлагын үеэр анх удаа цэргийн алба хаагчийн амь үрэгдсэн юм.

АНУ-ын засаг захиргаа уг халдлагын хариу арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт авч эхэлсэн бөгөөд эхний ээлжид Ирак, Сирийн нутагт оршдог Ираны дэглэмтэй холбоотой 85 байгууламжид агаарын цохилт өгөөд байгаа.

 

Эх сурвалж: Reuters