Токио хотын цагдаагийн газар “нинжаг дарамталсан якузаг” шалгаж эхэлжээ

timelive.mn 2024-02-15

Токио хотын аялал жуулчлалын нэг төв Асакуса гудамжинд гарсан сонирхолтой хэрэг зөрчлийн талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ.

Жуулчдад янз бүрийн бараа бүтээгдэхүүн зардаг гудамжны худалдаачид Асакусад олон байдаг. Тэдний нэг нь Сэнсожи сүмийн ойролцоо нэг төрлийн хийжүүлсэн ундаа зардаг Ацүши Огава гэгч ажээ.

56 настай Огава олон хүний зам дээр орших энэ худалдааны цэгийг сүүлийн 15 жил дангаар эзэмшиж байгаа гэнэ. Ингэхдээ жуулчдын камерын дуранд олон удаа өртөж, хүмүүст тодорхой хэмжээгээр танигджээ.

Түүнийг өдөрт 30,000 иений ($200) ашиг олдог гэсэн мэдээлэл цацагдаж байв.

Гэхдээ ашигтай байрлалыг ийм удаан дангаар эзэмшсэний нууц саяхан тайлагдсан байна. Огава нь Сүмиёши-кай якуза байгууллагын Янэяа бүлгийн Катаяама нэртэй дээд зиндааны гишүүдийн нэг ажээ.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ний өдөр Огавагийн эзэмшил газарт нинжагийн өмсгөлтэй 39 настай эрэгтэй жуулчдад үзүүлбэрийнхээ танилцуулгыг тарааж эхэлсэн нь маргаан үүсгэхэд хүргэсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Огава тухайн үед нинжад “Энэ миний газар. Хэрвээ чи энд ажиллахыг хүсвэл надад сар бүр 10,000 иен төлөх хэрэгтэй. Би Янэяа бүлгийн Катаяама байна” гэж хэлж байжээ.

Тухайн үед якуза, нинжа нарын хооронд юу болсон талаар мэдээлэл байхгүй байна. Огавагийн ярьсан зүйл ямар нэг замаар Токио хотын цагдаагийн газрын чихэнд хүрснээр өнгөрсөн долоо хоногт тэр баривчлагджээ.

Цагдаа нар Огаваг бусдаас мөнгө нэхэж, сүрдүүлсэн хэрэгт буруутгаж байгаа гэнэ. Харин Огава “Би түүнд зүгээр л эелдэг бус харилцсаных нь төлөө сануулга өгсөн” гэж цагдаад мэдүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хоёрдугаар сарын 8-нд цагдаа нар түүнийг баривчилсны дараа гэр болон бүлгийнх нь ажлын байранд нэгжлэг явуулжээ.

Эх сурвалж: Tokyo Shimbun, Japan Today