Израилийн хөдөлмөрийн зах зээл палестинчуудаас энэтхэгчүүдэд шилжиж байна

timelive.mn 2024-02-15

Газын зурваст дайн эхэлсний дараа Израилийн эрх баригчид нутаг дэвсгэртээ палестин хүмүүс ажил хөдөлмөр эрхлэхийг хориглосон юм.

Ажиллах хүчний хоосорсон энэ орон зайг Энэтхэгийн иргэдээр нөхөх бодлого барьж эхэлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Израилийн барилгын компаниуд палестинчуудыг орлох 100,000 хүртэл ажилчныг Энэтхэгээс авах хүсэлтийг засгийн газартаа гаргасан байна.

Хэдийгээр дайны аюул эрсдэл өндөр ч мөнгө олохыг хүссэн олон мянган залуус Энэтхэгийн Харяна, Уттар Прадеш, Пунжаб, Ражастан мужуудаас Израильд ажиллахаар явж эхэлжээ.

Гэтэл иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовсон Энэтхэгийн үйлдвэрчний эвлэлүүд үүнийг дуу нэгтэй эсэргүүцэж байна.

Арваннэгдүгээр сард тус улсын хамгийн том 10 үйлдвэрчний эвлэл иргэдээ Израильд илгээхгүй байхыг засгийн газартаа уриалж байв.

“Энэтхэг улсын хувьд ажиллах хүчээ Израильд экспортлохоос илүү ёс суртахуунгүй, аюултай зүйл гэж байхгүй. Энэ шийдвэр нь Энэтхэгийн ажилчдыг хүн биш, бараа бүтээгдэхүүн болгосныг харуулж байна” гэж тэдний хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

Бүх Энэтхэгийн Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дэд ерөнхийлөгч Сучета Де ажилчдыг Израильд экспортлох болсон үндэслэлийг судлах, тэдгээрийн аюулгүй байдлын баталгаанд санаа тавихыг эрх баригчдад уриалсан байна.

Энэтхэгийн парламентын гишүүн асан, Энэтхэгийн Үйлдвэрчний Эвлэлүүдийн Төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Тапан Кумар Сен ажиллах хүч Израильд экспортлохыг зарчмын хувьд эсэргүүцэхгүй ч тэдгээрийн аюулгүй байдалд анхаарал хандуулахыг уриалахын зэрэгцээ ажлын байраа булаалгасан Палестин хүмүүсийн эрх ашгийг бас хүндэтгэх ёстойг анхааруулжээ.

“Палестинчуудын ажлын байрыг Энэтхэгийн ажилчид шууд эзлэх нь үйлдвэрчний эвлэлийн үндсэн зарчимтай зөрчилдөж байна” гэж тэр мэдэгдсэн байна.

Гэвч ядуурлаас салах хүсэлтэй залуус эрсдэлийг үл хайхран Израиль руу явсаар байгаа юм.

Тэдний нэг 32 настай Чандан Кумар “Би нутагтаа ажил олж чадахгүй, цөхрөнгөө барж байна. Израильд очоод хамгийн муу зүйл тохиолдсон ч ядаж ар гэрийнхэн маань өдөр тутмын амьдралаа залгуулах мөнгөтэй үлдэнэ. Израильд ажиллах нь хамаагүй ирээдүйтэй харагдаж байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post