Газын зурваст Израилийн явуулж буй дайныг Хитлерийн жүүдүүдийг хоморголон устгасан үйл явдалтай адилтгасан Бразилын ерөнхийлөгчийн мэдэгдэл хоёр орны харилцааг хурцатгалаа.
Бямба гарагт Этиопын нийслэл Аддис-Абеба хотод Африкийн Холбооны дээд чуулганд оролцохдоо Бразилын ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Сильва “Өнөөдөр Газын зурваст палестин хүмүүст тохиолдож буй зүйлтэй адилтгах үйл явдал түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй. Хитлерийн жүүдүүдийг устгах шийдвэр гарахад л ийм үйл явдал тохиолдсон байх” гэж хэлсэн юм.
Даваа гарагийн өглөө Израилийн гадаад хэргийн сайд Израил Кац хэлсэн үгээ залруулах хүртэл Бразилын ерөнхийлөгчийг нутаг дэвсгэртээ хүлээж авахгүй байх шийдвэрийг зарлажээ.
“Бид түүний хэлсэн үгийг мартахгүй, уучлахгүй. Энэ бол ноцтой антисемитист халдлага юм. Израилийн ард түмний нэрийн өмнөөс би ерөнхийлөгч Лула хэлсэн үгнээсээ буцах хүртэл Израильд хөл тавих эрхгүй (persona non grata) болсныг зарлаж байна” гэж тэр мэдэгдсэн байна.
Хариуд нь Бразилын гадаад хэргийн яам тус улсад суугаа Израилийн элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэх зорилгоор Рио Де Жанейро хотод дууджээ.
Мөн Израильд суугаа элчин сайдаа эгүүлэн татах шийдвэр гаргасан байна.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр палестины Хамас зэвсэгт байгууллага Израилийн нутаг дэвсгэрт зэвсэгт халдлага үйлдсэний дараа Газын зурваст дайн эхэлсэн юм.
Тухайн өдөр Хамасын тал Израилийн 1,200 орчим хүний амийг хөнөөж, 250 орчим хүнийг барьцаалсан. Үүний дараа Израилийн арми Газын зурваст өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулсны улмаас энгийн иргэд голдуу 29,000 гаруй палестин хүн алагдаад байна.
Дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилж буй дайны улмаас Газын зурвасын хоёр сая гаруй оршин суугчийн ихэнх нь орон гэрээсээ дүрвэжээ.
Эх сурвалж: Reuters
0 cэтгэгдэлтэй