Умард Солонгосын удирдагч ОХУ-ын ерөнхийлөгчөөс бэлгийн автомашин хүлээж авсан тухай өнөөдөр өглөө Пёньяны төв хэвлэл мэдээлжээ.
Ким Жон Ун, Владимир Путин нар өнгөрсөн оны есдүгээр сард Оросын Алс Дорнодын бүс нутагт уулзсанаас хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжээд байгаа.
Тухайлбал энэ уулзалтын дараа Умард Солонгос их бууны сум, пуужин зэрэг зэвсгийг Украины дайнд ашиглахад зориулан ОХУ-д нийлүүлсэн гэх мэдээлэл бий. Кремлийн эрх баригчид үүнийг няцаадаггүй ч бас хүлээн зөвшөөрөөгүй байгаа.
Харин Пёньяны дэглэм үүнийг эрс няцаадаг.
Оросын тал өөрийн үйлдвэрийн суудлын автомашиныг Ням гарагт Ким Жон Уны шадар хүмүүст хүлээлгэж өгснийг Солонгосын Төв Мэдээний Агентлаг өнөөдөр мэдээлжээ.
Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон ахынхаа талархлыг Оросын талд дамжуулсан тухай мэдээнд дурдсан байна.
Мэдээнд ямар загварын автомашин бэлэглэсэн, ямар замаар Умард Солонгост тээвэрлэн хүргэсэн талаар дурдаагүй байна.
Ким Жон Ун нь тансаг ангиллын автомашинд ихээхэн дур сонирхолтой бөгөөд Mercedes, Rolls-Royce, Lexus үйлдвэрийн хэд хэдэн автомашины цуглуулгатай гэдэг.
Есдүгээр сард тэр Путинтэй уулзахдаа Mercedes Maybach хөлөглөж байв.
Путиний `Аурус Сенат` лимузин
Тухайн үед Ким бас Путиний “Аурус Сенат” лимузин загварын төмөр хүлгийг сонирхож, арын суудалд нь сууж үзэж байсан юм.
Умард Солонгост тансаг ангиллын автомашин нийлүүлэх нь НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчсөн хэрэг.
Ким Жон Ун өөрийн автомашинуудыг гадаад орнуудаас хулгайн замаар худалдаж авдаг гэсэн мэдээлэл бий.
Өнгөрсөн онд Японы эрх баригчид Умард Солонгос руу Бангладешаар дамжуулан шинэ загварын Lexus автомашин тээвэрлэх гэж байсныг таслан зогсоосноо мэдээлж байв.
Эх сурвалж: Reuters
0 cэтгэгдэлтэй